Манай улс нийт эмийнхээ 70-80 хувийг гадаадаас авдаг. Үлдсэнийг нь дотоодын 30 гаруй компани үйлдвэрлэж байна. Уг нь дэмжээд өгвөл үндэсний компаниуд импортын эмийн 50-60 хувийг дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой. Харамсалтай нь манай үйлдвэрүүд олон улсын шаардлага (GMP) хангахуйц тусгай тоног төхөөрөмж, зориулалтын байр, эрүүл ахуйн нөхцөл, мэргэжлийн боловсон хүчин байхгүйгээс өнөөдрийг хүртэл гадаадаас хуурамч эм оруулж ирсээр буйг МХЕГ-ын 2015 онд хийсэн хяналт шалгалтын дүнгээс харж болно. Тэгвэл Засгийн газар үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, импортын бүтээгдэхүүнийг халах зорилгоор “Чингис” бондоос эм зүйн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийсний дүнд “Энхийн шүүдэр” хэмээх дуслын шингэн эмийн үйлдвэр өнөөдөр өрхөө татлаа. 2013 онд Монголын томоохон эм үйлдвэрлэгч “Мөнхийн тун”, “Эмийн үйлдвэр”, “Цомбо”, “Монос фарм”, “Нахиа импэкс” ХХК дуслын шингэний үйлдвэр байгуулах төсөл санаачлан, “Энхийн шүүдэр” ХХК-ийг хамтын хөрөнгөөр байгуулжээ. Нийт 13.5 тэрбум төгрөгөөр боссон, олон улсын шаардлага хангасан, бүрэн автомат энэ үйлдвэрийн 5.8 тэрбум төгрөгийг “Чингис” бондоос санхүүжүүлсэн бол дээрх таван компани үлдсэн 7.7 тэрбум төгрөгийг гаргасан аж.
Эм үйлдвэрлэлийн олон улсын GMP шаардлагад нийцсэн барилга байгууламжтай, Австри, Герман, БНХАУ зэрэг 40 гаруй улсад бүтээгдэхүүнээ экспортолдог AUSTAR, SHINVA, “Steris Austar” компанийн (ISO:9001, ISO:14001, ISO:22000 магадлан итгэмжлэгдсэн) чанарын өндөр баталгаатай автомат тоног төхөөрөмжтэй уг үйлдвэрт өдгөө 50 гаруй мэргэжилтэн ажиллаж байна. Тэд шаардлага хангасан түүхий эд, туслах материалаар цагт 4500-5000, жилд 24 сая уут дуслын шингэн эм үйлдвэрлэх юм байна. Түүнээс гадна 40 гаруй нэр төрлийн эм үйлдвэрлэнэ. Эдгээрийн 80 орчим хувь нь үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон бүтээгдэхүүн байх аж. “Энхийн шүүдэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тайванбат “Манай үйлдвэр нийт 4000 ам метр талбайтай. Үүнээс үйлдвэрийнх 1600, агуулах 2000 ам метр. Монголд эмчилгээнд хэрэглэж буй дуслын бүх төрлийн шингэн, гемодиализын буюу бөөр орлуулах аппаратад шаардлагатай шингэн, тусгай технологиор бэлтгэдэг бусад шингэн эм үйлдвэрлэх хүчин чадалтай тул Монголдоо эмийн хамгийн том үйлдвэр болж байна. Тухайлбал, дуслын шингэн эм үйлдвэрлэх модуль (шингэн эмийн найрлага, савлагаа, ариутгал, баглаа боодол, хайрцаглах хэсэг), ус цэвэршүүлэх, холих, агааржуулалтын иж бүрэн системтэй, уур, ус халаах, хөргөх, дулаан, бохир дамжуулах хэсэгтэй, түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүн хадгалах агуулах, хими, микробиологийн шинжилгээний лабораторитой. Дотоодын 100 хувийн хөрөнгөөр байгуулсан энэ үйлдвэр дэлхийн жишигт хүрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Дотоодын зах зээлд дуслын шингэнийг хямд үнээр нийлүүлэн, ижил төрлийн импортын бүтээгдэхүүнийг халж, 2-3 жилийн дараа бүтээгдэхүүнээ экспортлохоор төлөвлөсөн” гэж ярилаа.
О.Ундрах