Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг МАН-ынхан дуу нэгтэй дэмжжээ. Татварын хувь хэмжээг нэмэхгүй, хилийн чанадад тэрбум ам.долларын мах гаргана гэхчилэн ярьсан ч хэлсэндээ хүрээгүй нь түүнийг огцруулах нэгээхэн үндэслэл аж.
Түүнчлэн хүүхдийн мөнгийг ялгавартай олгох шийдвэр гаргаж, иргэдийг бухимдуулсан, улс орны эдийн засгийн өсөлт уруудаж, валютын ханш түүхэнд байгаагүй өндөр үнэд хүрсэн зэрэг нь ч Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжих шалтгаан болж буй гэнэ.
Мөн МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Танхимын сайд нь албан өрөөндаа авлига авч байгаад баригдсан, Үндсэн хуулийн цэцэд үнэтэй машин авч өгч өөрийн талд шийдвэр гаргуулдаг” хэмээн дурдаж, авлигын эсрэг тууштай тэмцэж чадаагүй гэж шүүмжлэв.
Тус бүлгийн ээлжит хуралдаанаар УИХ-ын дарга З.Энхболдын ёс зүйн асуудлыг авч хэлэлцэн, сайн дураар албан тушаалаасаа огцрох шаардлага хүргүүлэхээр санал нэгдсэн байна.
УИХ-ын даргад хуулиар олгосон бүрэн эрхийг хэтрүүлж, гишүүд, тэр дундаа МАН-ынхныг ялгаварлаж, түрэмгий ханддаг гэж гишүүд нь бүлгийн удирдлагадаа гомдоллосон гэнэ.
Үүнээс гадна УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн тойргийн мандатын тоог өмнөх сонгуулийнхтай ижил байлгах саналыг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан ч даруй өөрчилж, орон нутгийн мандатаас хумсалж, нийслэлийнхийг нэмэгдүүлэхийг дэмжихгүйгээ бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мэдэгдсэн.
Тус бүлгээс нийслэлийн мянга гаруй иргэний дунд судалгаа явуулахад 20 гаруй хувь нь л орон нутгийн мандатыг цөөлөхийг дэмжсэнийг тэрбээр тэмдэглэлээ.
Б.НОМИН