Сүүлийн үед дэлхийн улсууд дор бүрнээ эко хот байгуулах талаар ярих болов. Филиппин улс ч бас ногоон хоттой болохоор төлөвлөжээ. Кларк грийн нэртэй уг хотыг филиппинчүүд ойрын 50 жилд багтааж бүтээн байгуулах гэнэ. Тус улсын нийслэл Манила хот хэдийнэ дэлхийн метро хотуудын тоонд орсон.
Эмх замбараагүй гудамжууд, ядуусын бохир хороолол, хотын төвийн гял цал амьдралаар нь дэлхий дахин Манила хотыг андахгүй мэддэг болсон. Манила дэлхийн том хотуудын адил агаарын бохирдлыг тойрч гарсангүй. Олон сая хүн амтай энэ хот утаанаас гадна хаягдал ихтэй, бохир, бас эмх замбараагүй болж хувирсан.
Тиймээс Филиппиний эрх баригчид шинэ хот байгуулахаар төлөвлөсөн аж. Шинэ хот нь эко байх төдийгүй тус улсын эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжлийн бэлгэ тэмдэг болох учиртай гэнэ.
Манилагаас 80 гаруй км зайд барих шинэ, эко хотод Пампангагийн эдийн засгийн чөлөөт бүс давхар байгуулахаар төлөвлөжээ. Ингэснээр ногоон хот руугаа гадаадын хөрөнгө оруулалт татаж чадна гэж эрх баригчид тооцсон байна.
Ирэх 10 жилийн дотор гурван үе шаттайгаар байгуулах ногоон хотыг таван том дүүрэгт хуваажээ.
Филиппиний эрх баригчид Эко хотын хөгжлийн газар гэх нэртэй төрийн мэдлийн агентлагийг энэ онд багтааж эмхлэн байгуулах бөгөөд тус байгууллага нь шинэ хотын барилга байгууламж, хүрээлэн буй орчны тохижилт, дэд бүтэц, зам тээвэр зэрэг асуудлыг хариуцан ажиллах юм.
Филиппин дэх Америкийн цэргийн бааз байсан, эзэнгүйрсэн барилга байгууламжийг сэргээн засах хувилбар ч яригдаж буй гэнэ.
Эко хотын хөгжлийн газрын гүйцэтгэх захирал Арнель Пасиано Казанова гадаадын сурвалжлагчид ярьснаар бол шинэ хотод төвлөрөх бүх аж ахуй нь байгальд ээлтэй байх ёстой гэсэн шалгуур тавьж байгаа гэнэ.
“Эко хот бүтээн босгох нь хэтэрхий нүсэр төлөвлөгөө ч бид үүнийг заавал хийх ёстой. Болохгүй, бүтэхгүй гэж хойш суух эрх байхгүй. Сул газрыг хэрхэн оновчтой ашиглах сайн төлөвлөгөө бидэнд бий” хэмээн Арнель Казанова ярьжээ.
Түүний хэлснээр шинэ хотын төв хэсэгт Засгийн газрын байр, олон улсын бизнесийн төв болон эко бизнес эрхлэгч томоохон компаниудын ажлын байр барихаар төлөвлөсөн бол хотын захад цэцэрлэгт хүрээлэн, амьтны хүрээлэн байгуулах юм.
Мөн Жуулчдын гудамж, Хөдөө аж ахуйн парк, Ногоон хөгжлийн төв зэрэг газар эко хотын төлөвлөгөөнд оржээ. Шинэ хотын барилга байгууламжуудыг бүгдийг нь сэргээгдэх эрчим хүчээр хангах бөгөөд нийтийн тээврийн сүлжээг тун нарийн боловсруулсан аж.
Дээр нь эко хотод байрлах төрийн бүх байгууллага цахимаар үйл ажиллагаагаа явуулах юм.
Эко хоттой хамт сүндэрлэн босох Пампангагийн эдийн засгийн чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт татахын тулд шаардлагатай бол Гадаадын хөрөнгө оруулалтын хуульдаа өөрчлөлт оруулах талаар Филиппиний эрх баригчид ярьж байна.
Хэрвээ гадаадын компани тус хотод хөрөнгө оруулбал эхний жилүүдэд татвараас 100 хувь чөлөөлөх боломжтой гэж хуульчлахаар хэлэлцэж буй гэнэ. “Филиппинчүүд дангаараа үүнийг хийх боломжгүй учир гадаадын хөрөнгө оруулалт татахаас өөр аргагүй байна” гэж Арнель Казанова ярьжээ.
Чөлөөт бүсэд нисэх онгоцны шинэ буудал барихаар төлөвлөсөн байна. Америкийн нисэх хүчний бааз дээр суурилж шинэ буудлыг барьж болно гэж зарим мэргэжилтэн үзэж байна.
1991 онд америк цэргүүд тус улсаас гарч явахдаа үлдээсэн уг нисэх онгоцны буудалд хоёр ч удаа том хэмжээний дэлбэрэлт болж, багагүй хохирол учирсан юм. Тиймээс нисэх буудлыг иргэний зориулалтаар сэргээн засахад ихээхэн хөрөнгө шаардлагатай.
Үүнийг мөн л гадаадын хөрөнгө оруулалтын тусламжтайгаар шийдэж болно гэж үзэж байна.
Филиппиний эрх баригчдын толгойг гашилгаж буй гол асуудал нь багагүй хөрөнгө зарж, ногоон хот байгууллаа ч иргэд нь сайн дураараа шилжин суурьших эсэх гэнэ. Учир нь тус улс ядуурал ихтэй. Филиппиний ядуу иргэдийн олонх нь нийслэл Манила болон хөдөө тосгодод амьдардаг.
Ажилгүй, орлогогүй ядууст хаана ч амьдарсан ялгаагүй учир тэд дассан газраасаа явахыг хүсэхгүй. Дундаж давхаргынхан ч ялгаагүй дассан газрын даавуу зөөлөн гэсэн шалтгаан хэлээд шинэ хот руу нүүхээс цааргалаад суучихвал яах билээ гэдэг асуултад Филиппиний эрх баригчид одоогоор тоймтой хариу олж чадаагүй байгаа юм.
Тэдний бодлоор тус улсад цагаачлан ирэгсэд болон төрийн албан хаагчдыг эхний ээлжинд Кларк грийн хотод суурьшуулж болох аж.
Филиппинчүүдийг ийнхүү сайхан мөрөөдлөө бодит ажил хэрэг болгохоор төлөвлөж суухад гадаадынхан харин тэднийг үүнийг хийж чадахгүй хэмээн басамжилж байна.
Өрнөдийн нэг бус хэвлэлд “Тус улсын эрх баригчид ногоон хот мөрөөдөөд нэмэргүй. Авлигад хэтэрхий идэгдсэн филиппинчүүд Кларк грийн хотыг босгох мөнгөө аль хэдийнэ хуваагаад завшчихсан.
Арга ядсандаа гадаадын хөрөнгө оруулалтаар босгоно хэмээн ярьж буй нь ч цаасан дээрх хоосон “үлгэр” болон замхарна” хэмээн шүүмжилжээ.
Гэвч Арнель Казановагаас эхлээд олон филиппинчүүд дэлхийд үлгэр жишээ болох эко хот байгуулж чадна гэдэгтээ итгэлтэй байна.
Тэд Кларк грийн хот болон Пампангагийн чөлөөт бүс цаасан дээрх мөрөөдөл биш гэдгийг харуулахын тулд нэгэнт хөдлөөд эхэлчихэж. Одоо тэдний чадах, эсэхийг дэлхий нийт харах л үлдлээ.
Б.ТҮВШИНБАЯР