20 мянган төгрөгийн хүүхэд бүрт ялгаваргүй олгох тогтоолыг УИХ-аас нэгдүгээр сарын 22-нд баталсан.
Энэ мөнгийн хэзээнээс олгож эхлэх тухай Сангийн яамнаас тодруулахад "Хүүхдийн мөнгийг Цагаан сарын баяраас өмнө олгоно. Засгийн газрын тогтоол гарахыг хүлээж байна" гэлээ. Харин Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Ц.Туваан "Хоёрдугаар сарын 5-н гэхэд нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг олгоно. Хамгийн гол нь айлууд өрхийн амьжиргааг тодорхойлох судалгаандаа идэвхтэй хамрагдах ёстой" гэсэн юм.
Нэгдүгээр сарын мөнгийг хоёрдугаар сарын мөнгөтэй нь нийлүүлж нийт 40 мянган төгрөгийг бөөнд нь олгоно гэсэн мэдээлэл ташаа болохыг албаны эх сурвалжууд хэлж байна.
Хүүхдийнхээ 20 мянган төгрөгөөр аж амьдарлаа залгуулдаг айл өрх олон бий. Түүнээс гадна сар шинэ болох гээд иргэдэд мөнгө их хэрэг болж байгаа учир хүүхдийн мөнгийг өгөхгүй гацаачих вий гэсэн болгоомжлол ч ард түмний дунд байгаа аж.
Дашрамд дурдахад энэ оны төсөвт тусгасан мөнгө нь наймдугаар сар хүртэл хүүхдийн мөнгийг олгоход хүрэлцээтэй бөгөөд үүнээс цааш үргэлжлүүлэн олгоход 70-80 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор батлуулах шаардлагатай болоод байгаа аж.