Баянхонгор аймгийн Богд сумын нутаг дахь Түйн гол дагуу олон загас гол өгсөн нүүдэллэж, тохойд нь бөөгнөрсөн байжээ. Голын урсгал өөд, ус ихтэй хэсэг рүү шавааралдан, бөөн бөөнөөрөө нүүдэллэх нь загаснуудыг үхлийн аюулд хүргэж болзошгүй юм.
Учир нь зарим загас хөдлөх аргагүй болж агааргүйддэг, зарим нь ус руу шургалж чадалгүй хөлдөж үхдэг аж. Загаснуудыг ямар нэгэн аргаар голын үндсэн голдирол руу оруулахгүй бол бүгд үхэж мэдэх тул Орог нуур, Түйн голын сав газрын захиргаа, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Богд сумын ЗДТГ-тай хамтран загаснуудыг Баянхонгор, Өлзийт сумын нутгаар урсах Түйн гол дагуух харз, цөөрөмд шилжүүлэн тавьжээ.
Энэ явдал голын голдирлыг өөрчилсөнтэй холбоотой байж магадгүй гэж нутгийн иргэд мэдээлж байсан ч Орог нуур, Түйн голын сав газрын захиргааны мэргэжилтнүүд “Голын голдирол өөрчлөгдөөгүй. Загаснууд өнгөрсөн намраас хойш гол өгсөж байснаа хөлдөнгүүт нь харз болон цүнхээлд бөөгнөрчихөөд байгаа юм. Өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээс нуурын загас гол өгсөн нүүдэллэсэн. Түйн голын Богд сумын нутгаар урсах хэсэгт эрэг, гүн устай газарт загаснууд шавааралдсан 4-5 хэсэг бий. Гол хөлдөхөөр харзтай газар загаснууд ихээр бөөгнөрдөг” гэж хэлсэн юм.
Үүнээс гадна өнгөрсөн арванхоёрдугаар сард Богд, Баянлиг, Баянговь суманд газар хөдөлснөөс болж ийм зүйл болсон байж магадгүй гэж мэргэжилтнүүд таамаглаж буй гэнэ лээ.
Өнгөрсөн онд Дорнод аймгийн Баяндун сум, Улз голын Духын булагт бас ийм үзэгдэл болж, загас олноор үхжээ. Сумын ЗДТГ-ынхан дээрхийн адил арга хэмжээ авч, загаснуудыг Түргэн цагаан нууранд зөөн аваачиж байжээ.
Ч.МӨНХ