- Хууль бус малтагчид бүтэн байсан олдворыг гэмтээжээ –
Үлэг гүрвэлийн чулуужсан олдвор хууль бусаар ухаж аваад нийслэл рүү авчирч байсан хүмүүсийг Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд, Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийнхны хамтарсан шалгалтын үеэр илрүүллээ.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажлыг эрчимжүүлэх үүднээс ЦЕГ-ын даргын тушаалаар цагдаагийн бүх газар, хэлтэс, тасгийн ажилтан “Сар шинэ-2016” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж буй юм.
Дээрх хэлтсийнхэн хууль бусаар ашигт малтмал олборлох, мод бэлтгэгчидтэй тэмцэх зорилгоор эргүүл шалгалт хийж эхэлсэн бөгөөд энэ сарын 17-ны үдэш Өмнөговь аймгийн харьяат М, Х, Улаанбаатар хотын иргэн Н нарын сууж явсан жийп машиныг зогсоон шалгаж тээшинд нь үзлэг хийжээ.
Гэтэл маш их шороо, чулуу ачиж явсан байна. Дээрх гурван хүнээс юу ачиж явааг нь тодруулахад үлэг гүрвэлийн чулуужсан олдвор хэмээн тайлбарласан аж.
Тиймээс цагдаагийнхан тэднийг саатуулан тээвэрлэж явсан ачааг нь хурааж, Археологи, Палеонтологийн хүрээлэнгийн эрдэмтдээр шинжлүүлжээ.
Эрдэмтэд “Эвэрт үлэг гүрвэлийн бүтэн биеийн хэлхээ болон толгойн яс, нугас хошуут үлэг гүрвэлийн зулзагын хэлхээ яс байна. Эдгээр амьтан Жодахтын давхаргадсын хуримтлал дундаас олдсон байх магадлалтай.
Тэд дэлхий дээр 71-84 сая жилийн өмнө амьдарч байсан” гэсэн дүгнэлт гаргажээ. Энэ талаар МБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, хурандаа Х.Буянтүмэнгээс тодруулахад “ЦЕГ-ын даргын 2015 оны А/13 тоот тушаалаар батлагдсан “Сар шинэ-2016” нэгдсэн арга хэмжээний үеэр хууль бусаар палеонтологийн ховор, үнэт олдвор тээвэрлэж явсан гурван хүнийг саатуулан шалгаж байна.
Дээрх хүмүүс палеонтологийн малтлага хийх ямар ч зөвшөөрөлгүй атлаа чулуужсан олдвор тээвэрлэж явсан. Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор Түүх соёлын хосгүй үнэт, дурсгалт зүйлсийн жагсаалт баталсан.
Энэ жагсаалтад палеонтологийн олдвор болох үлэг гүрвэлийн чулуужсан зулзага багтдаг. Түүнтэй адил хосгүй үнэт зүйлийн жагсаалтад эдгээр олдворыг багтаах, эсэхийг холбогдох байгууллагууд нь шийдвэрлэх байх” гэв.
Палеонтологийн хүрээлэнгийнхнээс энэ талаар тодруулахад “Хууль бусаар малтлага хийсэн хүмүүсийг цагдаагийнхан илрүүлээд олж авсан үлэг гүрвэлийн чулуужсан олдворуудыг нь манайхаар шинжлүүлсэн.
Эвэрт үлэг гүрвэл буюу Protoceratops andrewsi гэж шинжлэх ухааны нэртэй динозаврын хэлхээ яс, толгойтойгоо бараг бүтэн олдвор гэж хэлж болно. Хууль бус малтагчид түүнийг олоод ухаж авах, тээвэрлэхдээ зориулалт бус арга хэрэглэснээс зарим ясыг нь гэмтээсэн байна лээ.

Ийм олдвор өмнө нь ч манайхаас олдож байсан түүхтэй. Нөгөөх нь Hadrosuridas буюу нугас хошуут үлэг гүрвэлийн зулзаганы яс. 19.5х15.5 см хэмжээтэй уг олдвор нь дутуу. Цөөхөн хэлхээ яс байна лээ.
Эдгээр олдворыг бид хосгүй үнэт зүйлсийг жагсаалтад багтаан, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах талаар ажиллах болно. Түүнээс өмнө хууль хяналтын байгууллага шалгаж шийдвэрлэх зүйлээ шийдэх ёстой” гэсэн юм.
Үлэг гүрвэлийн эдгээр чулуужсан олдворыг хууль бусаар ухаж авсан М, Х, Н нарыг Эрүүгийн хуулийн 210.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнээр тооцохоор болж буй гэх мэдээлэл байна.
Уг зүйл заалтад “Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад орсон байгалийн объектыг санаатай эвдсэн, гэмтээсэн, устгасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 200-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна.
Дээрх хүмүүсийг хууль бус малтлага хийсэн хэмээн сэжиглэх үндэслэл нэлээд олон байгаа аж. Тухайлбал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 222 дугаар тушаалаар Монгол Улсын нутаг дэвсгэрт археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгаа хийх журмыг баталсан бөгөөд үүний дагуу уг ажлыг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага л эрхлэн явуулах ёстой байдаг.
Мөн Соёлын өвийг хамгаалах тухай 2014 онд УИХ-аас шинэчлэн баталсан хуулийн 30 дугаар зүйлд “Түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий үнэт зүйл оршин байгаа нутаг дэвсгэр, газрын хэвлий нь төрийн хамгаалалтад байх бөгөөд аливаа олдвор нь төрийн өмч мөн.
Олдворыг хадгалах, хамгаалах, судлахдаа түүний анхны төрх байдал, хэлбэр, шинж чанарыг алдагдуулж гэмтээхийг хориглоно” гэж заасан байгаа нь дээрх хүмүүсийг хариуцлагад татах үндэслэл болж буй.
Одоогоор дээрх хүмүүс хил давуулах зорилготой байсан эсэх, өмнө нь хууль бус малтлага хийж байсан үгүй нь тогтоогдоогүй байна.
Тэдний олборлосон эвэрт үлэг гүрвэл буюу Protoceratops andrewsi-ийг анх Рой Чэпмэн Эндрюсийн экспедиц 1920-иод оны үед Монголын говьд малтлага хийгээд олсон тухай түүхэнд тэмдэглэсэн бол түүнээс хойш хэд хэдэн экспедиц ийм олдвор олж, эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулж байжээ.
ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийхний хэлж буйгаар Өмнөговь аймгийн хэд хэдэн сумын нутгаас эдгээр олдвор илэрдэг бөгөөд судалгаа шинжилгээний ажлын дараа хууль бус малтагчид ухаж төнхөх явдал нэлээд гардаг гэнэ.
Т.Батаар болон бусад олон чулуужсан олдвор хил гаргахад оролцсон, ухсан хүмүүс, нутгийн иргэд ихэнхдээ мэргэжлийн байгууллагын судалгаа шинжилгээний ажлын дараа хууль бус ажлаа хийж байсан аж.
Г.РАВЖАА