УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх, эсэхийг шийдлээ. Уг бодлогыг 2016-2030 он хүртэл гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.
Төсөлд 2030 он гэхэд Монгол Улс нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой өсөж байгаа эдийн засгийн олон салбартай болсон байхаар тусгажээ.
Тодруулбал, хүн амын 80 хувь нь дундаж болон чинээлэг дундаж давхаргад хамаарч, эдийн засгийн өсөлт 6.6 хувиас доошгүй байхаар тооцсон байна. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 17.500 доллар хүрэх гэнэ.
Унаган байгаль, экологийн тогтвортой байдлыг хадгалж, монгол хүний дундаж наслалтыг 78-д хүргэхээр зорьсон байна.
2030 он гэхэд тогтвортой ардчилсан засаглалтай улс болсон байхаар тусгажээ. Улмаар хэрэгжилтэд нь хоёр жил тутамд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дөрвөн жил тутамд хөндлөнгийн үнэлгээ хийх юм байна.