Өршөөлийн тухай хууль гарсантай холбогдуулан Хөдөлмөрийн яам, Нийслэлийн хөдөлмөрийн газар Хорих ангиас суллагдсан болон суллагдах хугацаа нь болж байгаа иргэдэд зориулсан “САЙХАН АМЬДРАЛ ТАНЫ ГАРТ АЯН”-ыг сарын хугацаанд зохион байгуулжээ.
Энэ аяныг “Монголын хүний нөөцийн менежментийн холбоо, “Саруул Ухаан” ТББ, “Нийгэм маркетинг” ТББ, “Монголын оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-тай хамтран хэрэгжүүлсэн байна.
Аяны хүрээнд 9 хорих ангийн 1072 хүмүүжигчийг сэтгэлгээ өөрчлөх сэтгэлзүйн сургалтад суусан бөгөөд суллагдсан 819 иргэнийг нийгэмшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, төсөл боловсруулах сургалтанд хамруулан идэвхижүүлэн чадавхижуулаад байна.
Энэ хугацаанд ажил хийх хүсэлтэй 122 иргэн ажил хайж бүртгүүлсэн. Түүнчлэн хувиараа бизнес эрхлэх хүсэлтэй 57 иргэний төслийг хүлээн аваад байна. Эдгээр иргэдээс сонгон шалгаруулж 50 иргэнд бизнесээ эхлэх гарааны санхүүгийн дэмжлэгийг үзүүлэхээр тус бүр 1 сая төгрөг өгөхөөр болжээ.