Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Унгар улсын Хөдөө аж ахуйн сайд Шандор Фазекашийг хүлээн авч уулзжээ. Унгар улсын Ерөнхий сайдын албан ёсны айлчлалын үеэр тус улсын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр “Биокомбинат” ТӨҮГ-ын иж бүрэн шинэчлэх болсон нь хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдгийг талууд онцоллоо. Мөн хоёр улсын Хөдөө аж ахуйн яам хооронд 2011 онд байгуулсан тухай санамж бичгийн хэрэгжилтийн хүрээнд тус улсын хөрөнгө оруулалтыг манай хүнс, хөдөө аж ахуйн салбарт нэмэгдүүлж, боловсруулах үйлдвэрлэлд Унгарын технологи, тоног төхөөрөмж нутагшуулах аж. Фермерийн аж ахуйгаар арвин туршлагатай Унгар улстай хамтран Монголд 100-200 үнээний загвар аж ахуй байгуулах, хилийн дагуу байгуулахаар төлөвлөж буй тусгай хорио цээрийн дэглэм бүхий бүсэд махны үйлдвэр байгуулахад тус улсын хурганы мах боловсруулж, экспортолдог туршлагыг нэвтрүүлэх, мангалица үүлдрийн гахай нутагшуулах саналыг Р.Бурмаа сайд тавьсныг Унгарын тал нааштай хүлээн авчээ. Энэ үеэр мөн Шандор Фазекаш сайд манайд аж ахуйн машин, тоног төхөөрөмж, өндөр үржил шимтэй амьд мал оруулж ирэхэд санхүүгийн нэн тааламжтай нөхцөл санал болгоход бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.