Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүднээс Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас хүүхдэд зориулсан уран бүтээлийн ээлжит уралдааныг зарлаж байна.
Хүүхдэд зориулсан уран бүтээлийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол улсын засгийн газрын 2007 оны 280 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу “Монгол уламжлал, өв соёл, зан заншлаа дээдэлье” сэдэвт уран бүтээлийн уралдааныг зарлаж байна.
Уг уралдааны зорилго нь шинэ зууны хүүхэд, багачуудын оюуны эрэлт хэрэгцээг хангаж, тэдэнд эх хэл, түүх соёл, уламжлалаа бахархан дээдлэх ухамсар, төлөвшил олгох, уран бүтээлийн урын санг баяжуулах, уран бүтээлчдийнхээ бүтээн туурвих авьяас билгийг тэтгэн дэмжих, шалгарсан шинэ бүтээлийг үзэгчдийн хүртээл болгоход оршино.
Хүүхдэд зориулсан уран бүтээлийн уралдааныг хүүхдэд зориулсан телевизийн уран сайхны кино (олон ангит байж болно), хүүхдэд зориулсан инээдмийн жүжиг гэсэн хоёр төрлөөр 2016 оны 1 дүгээр сарын 27-ноос 2016 оны 3 дугаар сарын 18 хүртэл зарлаж байгаа юм.
Уралдаанд ирсэн баримт бичгийг БСШУ-ны сайдын томилсон орон тооны мэргэжлийн зөвлөл хуралдаж шалгаруулах тухай дүгнэлт гаргана. Зарласан төрөл зүйлээр шаардлага хангасан төсөл ирээгүй тохиолдолд тухайн төрөл дээр шалгаруулалт хийхгүй гэнэ.
Уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор уншина уу