“Транспэрэнси интернэйшнл” олон улсын байгууллагаас жил бүр олон улсын авлигын индексийг гаргадаг. Тус байгууллага 2015 оны судалгааны дүнгээ танилцуулахад манай улс 168 орноос 39 оноогоор 72 дугаар байрт жагсчээ.
Энэ нь өнгөрсөн жилийнхээс найман байр урагшилсан үзүүлэлт хэдий ч судалгаанд хамрагдсан орнуудын тоотой харьцуулахад төдийлөн сайжирсан үзүүлэлт биш гэж хэлж болохоор байгаа юм.
2014 онд энэ судалгаанд 175 орон хамрагдаж, манайх мөн л 39 оноогоор 80 дугаар байрт бичигдэж байжээ. Авлигын индексийг судалж дүгнэдэг шинжээчид улс орнуудын улс төрийн бодлого, шийдвэр, эдийн засгийн эрсдэл, хууль боловсруулж батлах явц, хэрэгжилт гэх зэрэг олон үзүүлэлтийг харгалзан шалгаруулдаг аж.
Уг индексийг 0-100 оноогоор дүгнэдэг бөгөөд оноо бага байх тусмаа авлигад их автсан, харин их байх тусмаа авлигаас ангижирсан гэж үздэг аж.
Энэ онд авлига багатай орны тоонд Дани (91 оноо), Финланд (90 оноо), Швед (89 оноо) улс тэргүүлсэн бол Сомали (8 оноо), Умард Солонгос (8 оноо), Афганистан (11 оноо) улс авлига ихтэй гэж дүгнэгджээ.
Г.РАВЖАА