АТГ-аас улсын хэмжээнд зохион байгуулдаг албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэх ажил үргэлжилж байна.
Мэдүүлэг гаргагч албан тушаалтан нь 2015 оны мэдүүлгээ https://meduuleg.iaac.mn системд нэвтрэн мэдүүлж, зохих шатны байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтанд цаасан хэлбэрээр бүртгүүлэх бөгөөд 2016 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 15 мянга гаруй албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн бүртгүүлжээ.
Одоогоор Уул уурхайн яам, МХЕГ, ЦЕГ, Гааль, татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Тахарын ерөнхий газар, Архангай аймгийн ИТХ, Дорнод аймгийн ЗДТГ, Ховд аймгийн ИТХ, Өмнөговь аймгийн ИТХ, Булган аймгийн ЗДТГ, Баян-Өлгий аймгийн ИТХ зэрэг байгууллагын мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын 50-иас дээш хувь нь 2015 оны мэдүүлгээ шинэчилсэн байна.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газраас томилогдсон төрийн өндөр, тэдгээртэй зэрэг зиндаа адилтгах 276 албан тушаалтны 23 нь энэ сарын 25-ны байдлаар хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн бүртгүүлсэн нь хангалтгүй үзүүлэлт аж. Тиймээс мэдүүлэг гаргагч төрийн өндөр, тэдгээртэй зэрэг зиндаа адилтгах албан тушаалтнууд хуулийн хугацаанд мэдүүлэг гаргахдаа анхаарах хэрэгтэй гэдгийг АТГ-ынхан сануулж байна.
2015 оны сүүлчээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлттэй холбоотой зарим төрийн байгууллагад бүтцийн өөрчлөлт хийгдэж, халаа сэлгээ ихээхэн гарч буй болон мэдүүлгээ шинэчлэн гаргах хуулийн хугацаанд сар шинийн баярын өдрүүд давхцаж байгаа зэрэг нь мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд багагүй хүндрэл бэрхшээл үүсгэж болзошгүй аж.