АТГ-аас Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбыг бусдаас онц их хэмжээний хахууль авахыг завдсан үндэслэлээр шалгаж, өдгөө яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байгаа. Тэгвэл түүний 2015 онд 470 дугаар тушаалаар баталсан Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний журмыг хянаад хүчингүй болгуулахаар Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Шадар сайд Ц.Оюунбаатарт хүргүүллээ. Авлигын эсрэг хуульд зааснаар төрийн байгууллагууд нь авлига, ашиг сонирхлын зөрчил гаргах нөхцөл, боломж бүрдүүлсэн гэж үзсэн тушаал, шийдвэр, журам, дүрмийг АТГ-аас өгсөн саналын дагуу дахин хянаж хүчингүй болгох буюу өөрчлөх үүрэг хүлээдэг.
Эрүүл мэндийн салбарт авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр АТГ-ынхан 2015 онд нийслэлийн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газар, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын болон Халдварт өвчин судлалын үндэсний төв зэрэг эрүүл мэндийн томоохон төв, байгууллагад ажилласан юм. Дээрх эрүүл мэндийн байгууллагууд нь Эрүүл мэндийн сайдын хүчингүй болсон 2006 оны 277 дугаар тушаалаар баталсан Төлбөртэй үзүүлэх тусламж үйлчилгээний жагсаалт, журам батлах тухай шийдвэрийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаж байсан гэнэ.
Харин Эрүүл мэнд, спортын сайд 2015 онд Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний журам батлах тухай дээрх тушаалыг баталсан 470 дугаар тушаалаар батлагдсан журмыг хянан үзэхэд Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын зарим заалтыг зөрчжээ. Тухайлбал, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлийн санд бүртгүүлээгүй, хэл найруулга нь тодорхой бусаас иргэд болон салбарын эрүүл мэндийн байгууллага, эмч ажилтнуудыг төөрөгдөлд оруулахаар зохицуулалтыг хэт ерөнхий байдлаар тусгасан, журмын төслийг байгууллагын цахим хуудсанд 30-аас доошгүй хоног байршуулж олон нийтээс санал авахаар заасныг хэрэгжүүлээгүй, төсөлд олон нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор иргэн, салбарын эрдэмтэн, судлаач, шинжээч зэрэг мэргэшсэн хүмүүсийг хамруулсан хэлэлцүүлэг зохион байгуулаагүй гэнэ.
Тиймээс 470 дугаар тушаал нь эрх зүйн хувьд хүчин төгөлдөр болоогүй, иргэдэд төрийн үйлчилгээг ил тод, ижил түвшинд үзүүлэх нөхцөлийг бүрдүүлээгүй, эмч, эмнэлгийн ажилтнуудын баримтлан ажиллах зарчмыг тодорхой тусгаж чадаагүй зэрэг авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл бололцоог бүрдүүлж болзошгүй байжээ.