Сар шинийн баярын өдрүүдээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдэд нийтийн тээврийн хэрэгслийг хүртээмжтэй болгох зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах ажлын хэсэг”-ээс хэд хэдэн зохицуулалт хийхээр төлөвлөлөө.
Тодруулбал шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2016 оны 2 дугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн 62, хот төвөөр 13 чиглэлд их болон дунд багтаамжийн автобус үйлчилгээ үзүүлэх бол хотын захаар гэр хорооллын чиглэлүүдэд 4 аж ахуйн нэгжийн 20 бага багтаамжтай микро автобусаар үйлчлэх үйлчилгээг зохион байгуулахаар боллоо. Түүнчлэн хот дотор таксины үйлчилгээнд 14 аж ахуйн нэгжийн 497 тээврийн хэрэгсэл ажиллах юм.

Мөн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор сар шинийн өмнөх амралтын өдрүүд буюу 2016 оны 1 сарын 30, 31, 2 сарын 6, 7-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлчийн оронг тэгш сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулах болсон бөгөөд энэ үеэр тодорхой суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү нийт 11 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад иргэдэд үйлчилгээ үзүүлнэ.

Тухайн өдрүүдэд Чингисийн талбай болон Дүнжингарав худалдааны төвөөс Хүннү молл худалдааны төв чиглэлд 2 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилгээнд гарна хэмээн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах Ажлын хэсгээс мэдээллээ.