УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хороо чуулганы завсарлагааны үеэр хуралдаж Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны даргыг томиллоо.
УИХ дахь АН-ын бүлгээс тус дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг нэр дэвшүүлэх санал гаргасныг Б.Наранхүү гишүүн танилцуулсан байна. Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Оюун, Ж.Энхбаяр нар санал хэлсний дараа санал хураалгаж, гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж, Байнгын хорооны тогтоолыг баталлаа.
Мөн тус байнгын хорооны хуралдаанаар Тариалангийн тухай (шинэчилсэн найруулга) болон холбогдох бусад хуулийн төслүүд болон “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дуусгав.