УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан баталж, Цагаан сараар 7 хоног амрах болсон хэмээн цахим сүлжээгээр мэдээлсэн.
Тэгвэл УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс "УИХ-ын чуулган, байнгын хороодоор үүнтэй холбоотой нэг ч хууль хэлэлцэж, батлаагүй" гэж мэдэгдлээ. Хэрэв ажлын өдөрт зохицуулалт хийх бол холбогдох яамнаас хүсэлт гаргасны дагуу Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гардаг.
Харин засгийн газрын хуралдаанаар ийм асуудал огт яригдаагүй одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.3 дахь хэсэгт "Цагаан сар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд бүх нийтээр амарна" гэж заасан байдаг. Тиймээс энэ дагуу хоёрдугаар сарын 9, 10, 11-ний өдөр бүх нийтээр амарч, 8, 12-нд хэвийн ажиллах юм.