МАХН-ын ерөнхий нягтлан бодогч Цэцгээг өчигдөр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд түр саатуулж тайлбар авчээ. Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд спортын сайдаар ажиллаж байсан Г.Шийлэгдамбын захидал гэж дуулиан тарьсан мэдээлэлд “Өмнө нь 50 мянган ам.доллар намын санхүүжилт болгож дарга Н.Энхбаяртаа өгсөн. Тэр ч байтугай хэрэв азгүйтэж баривчлагдаагүй бол нэмж 120 мянган ам.долларыг нэмж өгөх гэж байсан” гэх утгатай зүйл бичсэн нь анхаарал татсан. Энэ асуудалтай холбоотойгоор АТГ-ынхан энэ сарын 29-нд намынх нь байранд үзлэг, нэгжлэг хийгээд улмаар үдэш нь ерөнхий нягтлан бодогч Цэцгээг дагуулан явсан байна. Нэлээд орой болтол ерөнхий нягтлангаас нь тайлбар, гэрчийн мэдүүлэг авч байгаад явуулсан гэдгийг намынх нь болон хууль, хяналтын байгууллагын олон эх сурвалж баталсан юм. Г.Шийлэгдамбыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 4-нд баривчлах үед намынхаа санхүүжилтэд зориулж удирдлагынхаа даалгавраар их хэмжээний хахууль авч байгаад баригдсан гэх яриа гарч байсан ч тэгсхийгээд дарагдсан. Тэгвэл тэрбээр захидал бичсэн нь үнэн бол дээрх яриаг баталж буй хэрэг.