Хойд Солонгосын эрх баригчид ойрын хугацаанд алсын тусгалтай баллистик пуужин хөөргөхөөр төлөвлөж байж болзошгүй байна.
Японы “Киодо” агентлаг сүүлийн үед хийгдсэн хиймэл дагуулын зургууд үүнийг гэрчилж байгаа талаар мэдээлсэн байна. Энэ оны нэгдүгээр сарын 6-нд Пхеньян устөрөгчийн бөмбөг амжилттай туршсанаа зарласан.
Тодруулбал сүүлийн арван жилийн хугацаанд Хойд Солонгос 2006, 2009, 2013 онуудад гурван удаа цөмийн туршилт хийсэн юм. Үүний улмаас НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, АНУ, Япон, Өмнөд Солонгосын зүгээс Пхеньяны эсрэг төрөл бүрийн хориг арга хэмжээ тогтоосон билээ.
Нэгдүгээр сарын 6-наас өмнөх хоёр жилийн хугацаанд Пхеньян цөмийн туршилт явуулаагүй бөгөөд Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилтын хариуд баллистик пуужин хөөргөж байсан юм.
Харин өнөөдрийн байдлаар, Өмнөд Солонгос, АНУ, Япон улсууд БНАСАУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хатуухан тогтоол гаргуулах талаар идэвхтэй хуралдан, хэлэлцэж байгаа юм.