Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг өнгөрсөн баасан гаригийн үдэш Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар батлан даалтад гаргажээ.
Мөн түүний хэрэгт холбогдон шалгуулж буй БНСУ-ын иргэн, “Самсунг Си Ти” компанийн захирал Ли Жон Гёлыг өмгөөлөгчийнх нь болон өөр хоёр хүний батлан даалтад өгсөн байна.
Эрүүгийн хуулийн 148.4-т заасан онц их хэмжээний хөрөнгийг залилан мэхэлж авсан, мөнгө угаасан гэсэн үндэслэлээр тэднийг өнгөрсөн оны аравдугаар сарын 30-нд сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн.
Түүнээс хойш 14 хоногийн дараа яллагдагчаар татсан юм. Тэднийг хорьж мөрдөх хоёр сарын хугацаа 2015 оны арванхоёрдугаар сарын 30-нд дууссан ч мөрдөн байцаагч, прокурорынх нь хүсэлтээр дээрх шүүхийн шүүгч хорих хугацааг нь нэг сараар сунгаад байв.
Энэ хооронд Б.Батзаяа Төв аймаг дахь Цагдан хорих төвд саатуулагдаж байгаад бие нь муудаж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт шилжсэн.
Тэрбээр сэжигтнээр цагдан хоригдож байхдаа “Мэдүүлэг өгөхгүй” гэж байсан ч АТГ-ын Мөрдөн шалгах, ЭЦГ-ын Эдийн засгийн хэлтсийнхний хамтарсан ажлын хэсгийнхэнд мэдүүлгээ өгч эхэлжээ.
Тэрээр “Би гэм буруугүй, гэмт хэрэг үйлдээгүй. Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нар алдаа гаргасан байх магадлалтай” гэж ярьж буй сурагтай.
Г.ОРЧЛОН