Сонгуулийн тов тогтоох, тойрог, мандатыг хуваарилах асуудлыг УИХ хуулийн хугацаанд нь буюу өнгөрсөн баасан гаригт багтаан шийдлээ. Энэ өдөр эхлээд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсан юм.
УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай төсөл нэлээд маргаантай байсан. Өмнөх долоо хоногт нь МАН-ын бүлэг уг төслийн хэлэлцүүлгээс завсарлага авсныг ийнхүү үргэлжлүүлэн хэлэлцсэн юм.
АН-ынхан хүн амын тоог харгалзаж, нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн мандатыг нэгээр нэмэгдүүлэх, улмаар Завхан, Дорнод, Хэнтий, Увс аймгийн мандатын тоог тус бүр нэгээр цөөлөх санал гаргасан байв. Мөн Дундговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэж, нэг мандаттай болгоё гэжээ.
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгаас УИХ-ын даргад илгээсэн албан бичигт улсын хүн амын тал хувь нь амьдарч буй нийслэлээс 14 биш, 21 гишүүн сонгодог байхаар тусгасан.
Хэлэлцүүлгийн явцад УИХ дахь АН-ын бүлгээс нийслэлийн мандатыг долоо биш, дөрвөөр нэмэхээр оруулж ирсэн нь энэ аж. Харин МАН-ынхан орон нутгийн мандатыг хасахгүй гэсэн байр суурьтай байсан билээ.
Төслийг хэлэлцэх үеэр зарим гишүүн хоёр өөр тогтоолын төсөл оруулж ирж, будлиан үүсгэсэн хэмээн СЕХ-г буруутгасан юм. Тус хороо эхлээд 48 гишүүн тойргоос, ингэхдээ 34 нь орон нутгаас 14 нь нийслэлээс сонгогддог 2012 оны хуучин тогтолцоогоор төсөл өргөн барьсан юм.
Гэвч уг төслөө удалгүй татаж, долоо хоногийн дараа орон нутгийн мандатын тоог цөөлж, нийслэлийн тойргийн мандатын тоог нэмэх төсөл өргөн барьсан. Ингэж будлиан үүсгэсэн учраас СЕХ-ны даргад хариуцлага тооцох ёстой гэх хүн ч байлаа.
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “2012 оны УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу өмнөх сонгуулийн тойрог, мандатын тоог ялгавартай тогтоож ирсэн. Жишээ нь, аймагт дунджаар 40 мянга, нийслэлд 80 мянга гаруй хүнд нэг мандат ногдож байсан.
Одоогийн үйлчилж буй хуулиар ялгавартай тогтооно гэсэн заалт нь байхгүй учраас улсын дундажтай адилтган 63 мянган хүнд нэг мандат олгох шаардлагатай болсон. Сонгуулийн тухай хуулийг УИХ, Байнгын хороогоор хэлэлцэж байхад СЕХ энэ талаар санал тавих гэхэд хүлээж аваагүй.
Бидэнд олон санал байсан. Өмнөх тооцооллын дагуу уг саналыг оруулж ирсэн” гэсэн тайлбар хийсэн.
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт СЕХ-ноос эхэлж өргөн мэдүүлсэн тогтоолыг суурь болгон хэлэлцэх горимын санал гаргасныг олонх дэмжив. Хүн амын тоог харгалзаж, нийслэлийн мандатыг нэмэх нь Үндсэн хуульд нийцнэ хэмээн гишүүн С.Одонтуяа, Х.Тэмүүжин нар байр сууриа хэлсэн юм.
УИХ-ын 76 гишүүний тоог 1992 онд тогтоох үед хүн ам хоёр сая гаруй байсан. Гэтэл одоо хүн амын тоо гурван сая болсон, тэдний тал нь нийслэлд амьдарч буй. Тиймээс УИХ-ын гишүүний тоог нэмэх шаардлагатайг СЕХ олон нийтэд ойлгуулах учиртай хэмээн гишүүн С.Баярцогт ярив.
Улмаар зарчмын зөрүүтэй саналуудыг хураахад зарим аймгийн мандатыг хасаж, нийслэлийнх дээр нэмэх, хоёр аймгийг нэг мандаттай болгох саналууд дэмжлэг авсангүй. Дараа нь УИХ-ын чуулганаар асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, Байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон 66 гишүүний 47 нь буюу 72.9 хувь нь дэмжсэнээр тогтоолын төслийг баталлаа.
Өөрөөр хэлбэл, сонгуулийн мандат 2012 оныхоор буюу нийслэлээс 14, орон нутгаас 34 гишүүн сонгохоор болж байна.
СОНГУУЛЬ ЗУРГАДУГААР САРЫН 29-НД БОЛНО
УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн товыг тогтоох тухай төслийг Байнгын хороо болон чуулганаар элдэв маргаангүйгээр дэмжин баталсан. Улмаар зургадугаар сарын 29-нд сонгуулийн санал авахаар товлов.
Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг зургадугаар сарын 17- 19-нд авах юм байна.
ДӨРВӨН УЛСАД ШИНЭЭР ЭЛЧИН САЙД ТОМИЛЛОО
УИХ-ын чуулганаар энэ өдөр мөн зарим Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцсэн юм.
Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбын Ганхуяг, БНАСАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүрэнгийн Цоггэрэл, Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Зэнээмядарын Батбаяр, Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Жамбалдорж нарыг тус тус томилох саналыг УИХ-тай зөвшилцөхөөр ирүүлжээ.
Мөн дээрх орнуудад одоо суугаа Элчин сайдыг татах саналаа илэрхийлсэн. Дээрх эрхмүүдийг улс орноо хилийн чанадад төлөөлөн ажиллах өндөр хариуцлагатай, нэр хүндтэй албыг хаших боломжтой хэмээн үзсэн байна.
Хөрш орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх, томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах, уламжлалт харилцаатай улс орнуудтай харилцаагаа илүү өндөр түвшинд гаргах, дипломат албаны томилгоо, дипломат ажилтнуудыг тогтвортой ажиллуулах, тэдний нийгмийн халамжийн асуудалд анхаарах, гадаадад боловсон хүчин оновчтой бэлтгэх түүний дотор хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдэнтэй ажиллах боловсон хүчин сургах зэрэгт анхаарч ажиллахыг гишүүд нэр дэвшигчдэд сануулав. Нэр дэвшигч тус бүрээр санал хурааж, бүгдийг нь томилохыг УИХ дэмжлээ.
С.ТУУЛ