Бизнесийн моргэйж, түрээсийн орон сууцны талаар төр, засгийн удирдлагууд ярьж эхэлснийг та анзаарсан уу. Зөвхөн орон сууцны найман хувийн зээлээр моргэйжийн зах зээлийг төсөөлбөл эндүүрэл болно.
Түрээсийн орон сууц ч моргэйжийн бүтээгдэхүүн юм. Монголын эдийн засаг тэлэхийн хэрээр хөгжингүй орнуудад нутагшсан бизнесийн шинэ үйлчилгээ нэвтрүүлж байгаагийн нэг нь моргэйж. Өндөр хөгжсөн улс орнууд моргэйжийн 14 бүтээгдэхүүнийг иргэддээ санал болгодог аж.
Одоогоор манайд урт хугацаатай, бага хүүтэй зээлээр орон сууц худалдан авах гэсэн нэг л бүтээгдэхүүнийг л санал болгож байна. Ингэхдээ төрийн оролцоо, тусламжтайгаар энэ төрлийн зээлийг олгож буй.
Бүх улсын Засгийн газар эх орондоо моргэйжийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд хөрөнгө санхүү, бодлогоор дэмжсэн түүхтэй.
Тиймээс төрийн оролцоог буруутгах аргагүй. Орон сууц түрээслэх, бизнесийн моргэйж олгох, тодорхой хугацаанд орон сууц түрээслээд, түүнийг цаашид урт хугацаатай зээлээр худалдаж авах бүтээгдэхүүнийг манай Засгийн газар нэвтрүүлэх гэж байна.
Энэ бол моргэйжийн лангуун дээр дэлгэх “шинэ ногоо” юм. “Шинэ ногоо”-г тарих, ургуулах, борлуулах ажлыг бас л төр хошуучлах нь дамжиггүй.
ХЯМД ТҮРЭЭС
Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ тушаал гаргаж, иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам батлах учиртай. Тус яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Х.Батболд “Энэ журмыг удахгүй батална” гэв. Ингэвэл аж ахуйн нэгж түрээсийн орон сууцны бизнес эрхлэх эрх зүйн орчин бүрдэнэ.
Төрийн орон сууцны корпорац моргэйжийн энэ төрлийн бүтээгдэхүүнийг иргэдэд санал болгож, салхи хагалахаар бэлтгэж байгаа. Засгийн газрын хуралдаанаар Төрийн орон сууц корпорацын мэдлийн, 52 тэрбум төгрөгийн үнэ бүхий 929 орон сууцыг иргэдэд түрээслэхээр шийдвэрлэсэн.
Тус корпорац Улаанбаатарт 30-50 ам метр талбай бүхий 350, хөдөө орон нутагт 579 орон сууц түрээслүүлнэ. Орон сууцны талбайгаас хамаараад сарын түрээс нь хөдөө орон нутагт 140-230, Улаанбаатарт 200-280 мянган төгрөгийн төлбөртэй байхаар тогтоожээ. Нэг өрх орлогынхоо 25 хувийг орон сууцны түрээсийн төлбөрт зарцуулах боломжтой гэж тооцон дээрх үнийг гаргасан аж.
“Засгийн газар 2013-2016 онд жил бүр 1000, 2017-2020 онд жил бүр 2000 өрхийг түрээсийн орон сууцанд хамруулах хөтөлбөр баталж байсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй ажил” гэж Х.Батболд дарга тодотголоо.
Улаанбаатарт одоогоор 50 ам метр талбайтай орон сууцны түрээсийн төлбөр сард 500-600 мянган төгрөг байгаа нь судалгаанаас харагджээ. Төрийн орон сууцны корпорац хоёр дахин хямд үнэ санал болгож буй нь энэ зах зээл дэх үнийн хөөсийг хагална гэж Барилга хот байгуулалтын яамныхан ярив.
Хувийн хэвшлийнхэн түрээсийн орон сууцны зах зээлд хөл тавих нь нээлттэй. Төрийн орон сууцны корпорацын өөр нэг зорилго нь орон сууцны түрээсийн бизнесийн жишгийг тогтоох юмсанж.
RENT TO OWN
Англиар “Rent to own” гэж нэрлэдэг моргэйжийн шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэхээр судалж буйгаа Х.Батболд дарга дуулгасан. Энэ нь орон сууцыг түрээслэх хугацаандаа урьдчилгаа төлбөрөө цуглуулаад, моргэйжийн зээлд хамрагдах боломж олгодог бүтээгдэхүүн юм.
Төрийн орон сууц корпорацын “Буянт-Ухаа II” хорооллын 39 ам метр талбайтай байрыг сарын 250 мянган төгрөгөөр түрээсэлье гэж бодъё. Түрээсийн төлбөр дээрээ сар бүр тодорхой хэмжээний мөнгө төлөөд, тэр нь орон сууцны нийт үнийн 30 хувьтай дүйхэд тухайн байраа урт хугацаатай зээлээр худалдаж авах боломжтой болно гэсэн үг. Тоо бодож үзье.
Дээрх орон сууцыг таван жилийн хугацаатай түрээслэх гэрээ хийгээд түрээсийн төлбөрөөс гадна сар бүр 250 мянган төгрөг төлбөл нийт 15 сая төгрөг хуримтлагдах юм байна. Тус орон сууцны нэг ам метр талбайн үнэ нэг сая 350 мянга төгрөг.
Тэгэхээр нийт үнэ нь 52 сая төгрөг болно. 15 сая төгрөг бол нийт үнийн дүнгийн 30 хувьтай бараг дүйж байна. Ийм тохиолдолд 25-тай залуу гэр бүл таван жилийн дараа буюу 30 настайдаа моргейжийн зээлд хамрагдах боломжтой байгаа биз.
Моргейжийн энэ хэлбэрийн бүтээгдэхүүнийг залуу гэр бүлд зориулан нэвтрүүлсэн олон улсын туршлага бий. Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ийм хэлбэрээр нийслэлийн харьяа байгууллагуудад ажилладаг төрийн албан хаагчдыг орон сууцжуулах санал дэвшүүлээд байгаа билээ.
БИЗНЕС БЭХЖИХ БОЛОМЖ
Өөр нэгэн шинэ бүтээгдэхүүн нь бизнесийн моргэйж. Энэ бүтээгдэхүүн аж ахуйн нэгжүүдэд үл хөдлөх хөрөнгөтэй, байртай болох боломж олгодог. Аж ахуйн нэгж урьдчилгаа төлбөрөө төлөөд, 10-20 жилийн хугацаатай зээлээр үл хөдлөх хөрөнгө худалдаж авна. Зарчим нь орон сууцны зээлтэй адил.
Орон сууцны зээл айл өрхийг орон байртай болгодог бол бизнесийн моргэйж аж ахуйн нэгж, үйлдвэрийг ажлаа явуулах байшинтай болгоно. Моргэйжийн энэ хэлбэрийг зах зээлд нэвтрүүлэх судалгааг Монголбанк, Засгийн газар хамтран хийж буй.
Орон сууцны зээлийн хүүг таван хувь болгох шийдвэртэй хамт бизнесийн моргэйжийг эхлүүлж магадгүй гэж эх сурвалж дуулгаж байна. Юутай ч төр, засгийн анхаарлын төвд оржээ.
Үл хөдлөх хөрөнгө, оффисын байргүй жижиг, дунд бизнес эрхлэгч олон. Санхүүгийн эргэлт багатай компани мөнгөө хуримтлуулж байгаад үл хөдлөх хөрөнгө худалдаж авах боломжгүй. Иймээс орлогынхоо дийлэнхийг түрээсийн төлбөрт өгөхөөс өөр арга байдаггүй.
Бизнесийн моргэйжийг нэвтрүүлснээр олон бизнесмэн багахан ашгаа түрээсийн төлбөрт өгөхгүй, өөртөө үл хөдлөх хөрөнгө, оффисын байр худалдаж авахад зарцуулах сайн талтай. Оффистой болчихвол компанийн зардал багасан, үйл ажиллагаагаа ч тэлнэ.
Энэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлээсэй гэж хүсэж буй нэрээ нууцлахыг хүссэн бизнесмэн “Таван жилийн хугацаанд түрээсийн төлбөрт 400 сая төгрөг төллөө. Бизнесийн моргэйжийн зээл олгодог байсан бол хэдийнэ оффистой болчих байв.
Үйл ажиллагаагаа зогсоохгүйн тулд оффис түрээслэхээс өөр зам байгаагүй” гэж ярьсан юм. “Шинэ ногоо”-ны шимийг үзэх цаг удахгүй нь.
Т.ЭНХБАТ