“Оюутолгой” компани 2015 оны дөрөвдүгээр улирлын тойм мэдээгээ өнгөрсөн баасан гаригт танилцуулав. Тус компани үндэсний ханган нийлүүлэгчдээс 2015 онд 291 сая ам.доллар буюу 580 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авчээ.
Мөн аюулгүй ажиллагааны үзүүлэлтээ бататган, байгаль орчны чиглэлийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн байна.
“Оюутолгой”-н ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Үйлдвэрлэлийг шинэ түвшинд гаргаж, зорилтот хэмжээнд хүргэснээс гадна зарим үзүүлэлтийг давуулан биелүүллээ. Компанийнхаа зардлыг ихээхэн бууруулсан” хэмээн ярьсан байна.
Өнгөрсөн оны байдлаар “Оюутолгой”-н ажиллах хүчний 95 гаруй хувийг монгол иргэд бүрдүүлж буй дүн гарчээ. Тус компанийнхан орон нутагтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, тогтвортой хөгжлийн төслүүдэд 6.8 сая ам.долларын хөрөнгө оруулсан аж. Мөн боловсрол, сургалтын хөтөлбөрт 3.2, орон нутгийн ханган нийлүүлэгчдэд 66 сая ам.доллар зарцуулсан байна.
Орон нутагтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Даланзадгадад хүүхдийн хоёр цэцэрлэг барихад дэмжлэг үзүүлжээ. Цаашид жил бүр таван сая “ногоон”-ыг дээрх гэрээний хүрээнд зарцуулах аж.
Үүнээс гадна “Оюутолгой” компани 2015 онд 315 сая ам.долларын татвар, хураамж болон бусад төлбөр төлсөн байна. Энэ нь 2014 онд дээрх тоо 248 сая “ногоон” байснаас нэмэгдсэн дүн юм.
Өнгөрсөн оны эцсийн байдлаар 990 орчим ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 633 нь үндэсний компани байжээ. “Оюутолгой” компани 2010-2015 оны эцэс гэхэд дотоодын компаниудаас бараа, үйлчилгээ худалдан авсан дүн, Монголын төсөвт байгууллагуудад төлж буй татвар хураамж, ажилчдын цалин зэргээр улсын хэмжээнд 5.4 тэрбум ам.доллар зарцуулсан аж.
Дотоодын компаниудад хийсэн төлбөрөөс боловсрол, сургалт, нийгмийн хөрөнгө оруулалтад 95.6 сая ам.долларыг нь гаргажээ.
Ц.БОЛОРМАА