Замын хөдөлгөөний аюулгүй байдлын шинэчилсэн хууль 2015 оны 09-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Хууль зүйн сайдын 2015 оны 08-р сарын 28-ны өдрийн А-187 тоот "ЖОЛООЧЫН ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛИЙН ОНОО ТООЦОХ ЖУРАМ"-ыг баталсан. Бэлтгэл ажлууд хийгдэж дуусаад 2016 оны 02-р сарын 01 буюу өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхлээд байна.
Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооч нарын жолооны үнэмлэхэд зөрчлийн 10 оноо автоматаар олгогдож, жолоочид дээрх хуулийг зөрчих бүрт тус онооноос хасагдах юм. Тиймээс тухайн жолооч замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж жолооны үнэмлэх дэх багцын 10 оноо нь дууссан тохиолдолд дахин жолооны сургалтад суулгаж дахин шалгалт авч үнэмлэхийг шинээр олгоно гэсэн үг юм байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль, тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд холбогдох хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, зөрчлийн оноог дараах нэгжээр хасна. Үүнд:
-Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох үнэмлэхгүй үедээ /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид -2 оноо;
-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн тээврийн хэрэгслийн жолоодох эрхтэй жолоочид -1 оноо;
-Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочид -2 оноо;
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн уг этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочид -1 оноо;
-Улсын бүртгэлийн дугааргүй, тогтоосон хугацаанд дугаараа аваагүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон жолоочид -2 оноо;
-Механикжсан тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолоочид -2 оноо;
-Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж, ашиглахтай холбоотой хууль, тогтоомж зөрчсөн жолоочид -3 оноо;
-Зам тээврийн осолд холбогдсон жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй жолоочид -2 оноо;
-Замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүй, зорчигчид хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглүүлээгүй жолоочид -1 оноо,
-Гэрлэн дохио болон цагдаагийн алба хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон жолоочид -1 оноо;
-Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн тохиолдолд -2 оноо;
-Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэхийг хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн жолоочид -2 оноо;
-Давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөөгүй жолоочид -2 оноо;
-Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн жолоочид -3 оноо;
-Тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн жолоочид -1 оноо;
-Хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөн жолоочид -1 оноог хасах юм байна.
