“Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах "Даншиг наадам-Хүрээ цам" шашин соёлын их наадмыг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж буй талаар НЗДТГ-аас мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн оны наймдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд НЗДТГ-аас Монголын бурхан шашны сүм хийдүүдтэй хамтран Хүй долоон худагт Хүрээ цам- Даншиг наадмыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн.
Энэ жилийн хувьд “Даншиг наадам-Хүрээ цам”-ыг наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна. Энэ жил “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт олон шинэ арга хэмжээнүүд нэмэгдэж байгаа ч өнгөрсөн жилийнхтэй адил 3.2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнийг 500 сая орчим төгрөгийг Даншиг наадам зарцуулахаар болжээ.
Ийм хэмжээний зардал гаргасны дүнд Улаанбаатар хотод нийт 20 гаруй тэрбум төгрөгийн шууд орлого орж ирсэн аж.
Энэ жил ч мөн адил Даншиг наадмаар Хүрээ жахар цам, хүчит бөхийн барилдаан, аялал жуулчлалын үзэсгэлэн, хурдан морьдын уралдаан, Өндөр гэгээн болоод соёмбот туг залах ёслол, лам нарын тэмцээн гээд уламжлал соёлоо хадгалсан олон сонирхолтой арга хэмжээнүүд болох юм.