Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газраас "Юнивишн" компанийн өнөөдөр буюу 2 сугаар сарын 1-ний өдрөөс эхэлж байгаа хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний өөрчлөлтийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж буй тухай мэдэгдлээ.
Мөн сүүлийн 3 жилийн хугацаанд хэрэглэгчтэйгээ байгуулсан гэрээндээ Гурвалсан үйлчилгээний багцаар үзүүлэх сувгийн мэдээллийг тодорхой тусгаагүй, “гэрээ, гэрээний хавсралт болон үйлчилгээний тарифт нэмэлт өөрчлөлт оруулах бол боломжит мэдээллийн хэрэгслийн аль нэгийг ашиглан 10 хоногоос доошгүй хугацааны өмнө мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш нэмэлт өөрчлөлт орсонд тооцно” гэсэн заалтыг гэрээндээ тусгаж өгсөн зэрэг нь Иргэний болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулиудын холбогдох заалтыг зөрчиж байгаа аж.
Тухайлбал “зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарлах, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашиглахыг хориглох”, “хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангах”, “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглох” зэрэг зохицуулалтуудыг ноцтой зөрчиж байгаа юм.
Түүнчлэн “Юнивишн” компани “Эс пи эс эйч ди” компанитай SPS world hd сувгийг төлбөргүй, SPS prime hd, SPS action hd, SPS plus hd гэсэн гурван сувгийг төлбөртэй дамжуулах гэрээг энэ оны 11 дүгээр сарын 1-нийг дуустал хугацаатай байгуулжээ.
Гэвч гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлэхгүй, хөл бөмбөгийн Премьер Лигийн тоглолтыг сүүлийн хоёр сарын хугацаанд чанар муу, HD форматаар, албан ёсны дамжуулалтаар гаргаагүй зэрэг зөрчлийг удаа дараа давтсан байна.Тиймээс “Юнивишн” компанийн хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хохироосон болон хууль зөрчсөн дээрх үйлдлүүдээ яаралтай залруулж, зөрчлөө арилгах талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газраас шаардлага хүргүүлсэн байна.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газрын дарга Д.Мөнхтөр энэ талаар “”Юнивишн” компанийг Цагаан сараас өмнө зөрчлөө арилгахыг шаардсан. Хэрэв энэ хугацаанд зөрчлөө арилгахгүй бол хуульд заасан арга хэмжээг авч, торгууль ногдуулна” гэсэн юм. Тухайн компанид мөнгөн торгууль ногдуулах бол 10-20 сая төгрөгөөр эсвэл жилийн орлогын тодорхой хувиар нь торгох гэнэ.