Зика вирүсийг анх 1947 онд Уганда улсад сармагчингаас,1957 онд Уганда болон Танзани улсад хүнээс анх илрүүлсэн аж. Зика вирүст халдварын дэгдэлт 2007, 2013 онд Францын Полинези, Микронези улсад тус тус бүртгэгджээ. Бразилд 2015 оны 5 дугаар сард анхны тохиолдлыг мэдээлснээс хойш Бразил болон Венесуэл, Гайти, Гватемал, Гондурас, Колумб, Мартиник, Мексик, Панам, Парагвай, Пуэрто-Рико, Сальвадор, Суринам зэрэг 22 улсад тархаад байна.
Уг өвчин нь Aedes төрлийн шумууланд хазуулсны улмаас хүнд халдвар дамждаг. Өвчний нууц үеийн хугацаа тодорхойгүй, ихэвчлэн халуурах, үе мөчөөр өвдөх, тууралт гарах, нүд үрэвсэх, улайх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Жирэмсэн эхээс урагт хэрхэн халдвар дамжиж байгаа талаар нарийн судлагдаагүй байна.
Уг өвчин нь богино хугацаанд олон орныг тархан хамран тархаж байгаа, ургийн гаж хөгжил ба Зика вирүст халдварын хооронд шалтгаан үр дагаврын хамаарал тогтоогдоогүй ч магадлал өндөр байгаа, шинээр бүртгэгдэж буй улс орнуудын хүн ам дархлаагүй, вакцин, өвөрмөц эмчилгээ, түргэвчилсэн оношлогооны арга байхгүй зэрэгт үндэслэн ДЭМБ-аас анхаарлаа хандуулж, өнгөрсөн сарын 28-нд Шуурхай зөвлөгөөн хийж гишүүн орнуудаа зөвлөмж өгсөн.
Түүнчлэн өнөөдөр Женевт Олон улсын эрүүл мэндийн дүрмийн Шуурхай хорооны хуралдаан хийж байгаа ба уг хуралдаанаар Олон улсын түвшний Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн эсэх талаар шийдвэр гарах юм байна. Хэрэв ноцтой байдал үүссэн бол зэрэглэл тогтоох аж.
Манай бүсийн орнуудын хувьд Тонга улсад зика вирүсийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн Эрүүл мэндийн байгууллагуудын эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах талаар анхааруулга, зөвлөмж ирүүлээд байна.
Халдварын тохиолдол бүртгэгдсэн улс орнуудад нийтдээ халдвартай 500 мянган гаруй иргэн бий хэмээн ДЭМБ мэдээллээ. Жижигхэн толгойтой хүүхэд мэндэлж буйтай холбогдуулан дээрх улсууд эмэгтэйчүүдийг жирэмсэн болохоо нэг жилээр хойшлуулах, эм бэлдмэл гарган авах хүртэл жирэмсэлтээс сэргийлэхийг уриалсан байна.
