Хувцсаа зөв угаахад юуны өмнө угаалгын нунтаг чухал. Угаалгын нунтаг бүр адилгүй байдаг. Та дэлгүүр ороод жирийтэл өрсөн олон угаалгын нунтагийн алийг нь авахаа яаж шийддэг вэ? Сонголтоо түргэн хийхэд тань туслах дараах мэдээллийг хүргэе:
Монгол Улсын гаалиар 60 гаруй хувь хүн болон аж ахуйн нэгж 70 орчим нэр төрлийн угаалгын нунтаг оруулж ирдэг аж.
Импортын хэмжээгээр TIDE, ARIEL, МИФ зэрэг угаалгын нунтаг борлуулдаг “АНУНГОО” компани тэргүүлдэг бөгөөд жилдээ ойролцоогоор 1,237,329 килограмм нунтгийг зах зээлд нийлүүлдэг аж. "Окей" угаалгын нунтгийг оруулж ирдэг ”Батмонд трейд”, ОМО, VISO-г хэрэглэгчдэд хүргэдэг “Адилакс” зэрэг компани дараа нь жагсдаг юм байна. “Арома трейд” дөрвөн төрлийн угаалгын нунтгийг ОХУ, ХБХГУ-аас импортолдог бол “АНУНГОО”, “Таван богд” “Бишрэлт трейд” компаниуд хоёроос гурван төрлийг оруулж, худалдаалдаг ажээ.
Манай улсын угаалгын нунтгийн зах зээл дэх цор ганц үндэсний үйлдвэрлэгч болох “Мон хими” компани “Тана” нэртэй угаалгын нунтгийг гаргадаг бөгөөд БНХАУ-аас оруулж ирж буй ихэнх нунтгуудыг Монголд савлаж, монгол нэр, шошготойгоор зах зээлд нийлүүлдэг юм байна.
Импортлогчид:
- БНХАУ (27)
- БНСУ (8)
- ХБНГУ (7)
- Япон (5)
- ОХУ (3)
- Вьетнам (2)
- Сингапур (1)
- Турк (1)
- Малайз (1)
- Индонез (1) зэрэг улсаас тус тус бүтээгдэхүүнээ авч байна.
Угаалгын нунтгуудыг супер маркет, дэлгүүрүүдэд 10-16 нэр төрлийн, савлагааны хувьд 150 граммаас есөн килограмм хүртэл жинтэй худалдаалж байна.
Судалгаагаар хэрэглэгчдийн дийлэнх буюу 80 хувь нь бүтээгдэхүүний чанараас хамааран сонголтоо хийдэг гэж хариулсан бол 50 гаруй хувь нь тодорхой нэрийн угаалгын нунтгийг тогтмол хэрэглэдэг гэжээ. Мөн манай орны зах зээлд борлуулж байгаа угаалгын нунтгууд нь үнэ, чанарын хувьд боломжийн гэж үздэг бол судалгаанд оролцогчдын 51 хувь нь зааврын дагуу ашиглаж чаддаг гэсэн байна.
Угаалгын нунтаг гэж юу вэ?
Угаалын нутаг нь дотроо олон төрлийн химийн элемент, бодис агуулсан, байгальд тийм ч таатай нөлөө үзүүлдэггүй бүтээгдэхүүн аж. Нунтгийн найрлагад үндсэн бодисуудаас гадна цайруулагч, энзим, толбо арилгагч, үс зөөллөгч, өнгө сэргээгч, бактер устгагч зэрэг олон нэмэгдэл бэлдмэл ордог байна. Ийнхүү хэдэн төрлийн бэлдмэл орцод нь орсноос шалтгаалж үнийн хувьд зөрүүтэй байдаг ажээ. Энэ төрлийн үйлдвэрлэл эрхлэгчид сүүлийн үед фосфатыг угаалгын нунтгийн найрлагаас хасч байгаа юм байна. Учир нь ус зөөлрүүлэгч, угаалгын нунтгийн молекул идэвхийг нэмэгдүүлэх зорилготой фосфат нь хүний эрүүл мэнд болон байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ. Угаалгын нунтаг байгальд хор нөлөө үзүүлсэн олон жишээ байх аж. Үйлдвэрлэлийн эхэн үед түүний хөөсрөх чадварыг нэмэгдүүлэх тийм ч амар шийдэх асуудал биш байв. 1960-аад оны үед үйлдвэрлэгчид хэнийх нь бүтээгдэхүүн усанд сайн уусч, хөөсөрч байна вэ гэдгээр жинхэнэ “дайтаж” байж. Үүний үр дүнд 1940 - 1970 оны хооронд барууны зарим хотын бохир усан дахь фосфатын хэмжээ жилд 20 -150 мянган тонн болтлоо өсч байжээ. Гол, нуурууд, тэр ч бүү хэл үзэсгэлэнт Ниагара хүрхрээ ч угаалгын нунтганд хөөсөрч байсан байна. Өнөө цагт хүн төрөлхтөн хүний эрүүл мэнд, байгаль орчинд халтай бүтээгдэхүүнээс татгалзах болсноор угаалгын нунтаг үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ чанартай, боловсронгуй болгохоор ажиллаж байна. Үүний тод жишээ нь, угаалгын нунтагны найрлагыг аль болох сөрөг нөлөөгүй байлгах арга хэмжээ авч байгаагаас гадна хэлбэрийн хувьд нунтаг, шахмал, шингэн үйлдвэрлэх, тэр ч бүү хэл зориулалтын хувьд ч цагаан, хар, жинсэн, ноосон эдлэлийнх гэх мэт олон төрөл болгожээ.
Угаалгын нунтгийг яаж хэрэглэх вэ?
Угаалгын нунтаг дотроо хоёр янз. Гар болон автомат угаалгынх гэж. Зориулалтын хувьд цайруулагчтай, ангижруулагчтай, жинсэн болон будагтай хувцасных, ноос, ноосон эдлэлийнх, хар өнгийн хувцасных гэж ангилдаг. Орцон дахь нэмэлт найрлагаас шалтгаалан нунтгийн үнэ болон чанар харилцан адилгүй байдаг байна. Эзэгтэй таны сонгосон угаалгын нунтаг угаасан зүйлийн тань хир толбыг хүссэн хэмжээнд арилгахгүйгээс гадна хувцас тань хөвсгөр зөөлөн болж чадахгүй бол таны сонгосон угаалгын нунтгийн орц, найрлагад ямар нэгэн зүйл дутуу байна аа гэсэн үг. Ихэнхи нэр хүнд бүхий брэндийн угаалгын нунтгийн савлагаан дээр орцыг маш тодорхой бичсэн байдаг.
Гар зориулалтын нунтгийг машин хэрэглэдэггүй. “Автомат” гэсэн тодотголтой нунтгийн найрлагад угаалгын машины эд ангийг хамгаалах тусгай бодис орсон байдаг юм байна. Тиймээс гар угаалгын нунтаг танай угаалгын машины эд ангийг хамгаалж чадахгүйгээс гадна угаалга ч санасан хэмжээнд хүрэхгүй. Харин “Автомат” гэсэн бичиг бүхий угаалгын нунтгийг гараар угаахдаа хэрэглэвэл эрүүл мэндэд хортой. Манайхны нэг буруу зуршил нь усаа хэт өндөр температурт байлгахыг хүсдэг. Сайн чанарын угаалгын нунтаг нь хүйтэн усанд ч хирийг сайн арилгаж чаддаг бөгөөд хэт халуун усанд хувцас угаах нь өнгийг гандуулж, материалыг өгөршүүлдэг байна.
Нэг удаагийн угаалгад нунтгийн орох тунг маш нарийн хэмжих ёстой. Савлагаан дээр байгаа тунгийн тайлбар, хэмжээг зөв харж, зааврын дагуу хэрэглээрэй. Хэрэв тунг тааруулахгүй бол химийн элементүүдээс бүрддэг энэ бүтээгдэхүүн цэвэр усаар зайлсны дараа ч хувцаснаас бүрэн арилдаггүй. Тунг хэтрүүлэн угаасан хувцсыг өмссөн үед хүний хөлсөөр дамжин дотор эрхтэн болон арьсанд элдэв харшил, эмгэг үүсдэг.
Харин хувцсаа угаахдаа бид юуг анхаарах ёстой вэ?
1. Нэг удаагийн угаалгад нунтгийн орох тунг маш нарийн хэмжих ёстой. Савлагаан дээр байгаа тунгийн тайлбар, хэмжээг зөв харж, зааврын дагуу хэрэглээрэй. Хэрэв тунг тааруулахгүй бол химийн элементүүдээс бүрддэг энэ бүтээгдэхүүн цэвэр усаар зайлсны дараа ч хувцаснаас бүрэн арилдаггүй. Тунг хэтрүүлэн угаасан хувцсыг өмссөн үед хүний хөлсөөр дамжин дотор эрхтэн болон арьсанд элдэв харшил, эмгэг үүсдэг болохыг анхаарах хэрэгтэй.
2. Манай эзэгтэй нар хувцсаа угаахдаа хэт өндөр температурын ус хэрэглэчих гээд байдаг талтай. Сайн чанарын угаалгын нунтаг нь хүйтэн усанд ч хирийг сайн арилгаж чаддаг бөгөөд хэт халуун усанд хувцас угаах нь өнгийг гандуулж, материалыг өгөршүүлдэг байна. Монголд нэг үеэ бодвол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн брендийн ТОП гоо сайхан болон ахуйн бүтээгдэхүүнүүд орж ирдэг болсон. Жишээ нь эзэгтэй нар бидний хэрэглэж заншсан “ARIEL” Европын улсуудад бусад угаалгын нунтгаас борлуулалтаараа хол тэргүүлдэг ажээ. Мөн “TIDE” бусдаасаа хамгийн сайн цайруулах үйлчилгээтэй угаалгын нунтгаар тодорч байсан байна. Та хувцсаа зүгээр ч нэг цэвэрхэн болгох биш, өнгөлөг, шинэ харагдуулахыг хүсч байвал хамгийн сайн угаалгын нунтгийг хэрэглэх нь зүйтэй юм.