Дүрмээ баримталдаггүй жолооч нарыг журманд оруулах зорилготой “Жолоочийн зөрчлийн 10 онооны журам” өчигдрөөс хэрэгжих байсан ч хойшлуулсан тухай зарим хэвлэл мэдээлсэн.
Энэ талаар бодит мэдээлэл авахаар Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбатаас тодруулав.
-“Жолоочийн зөрчлийн 10 онооны журам”-ыг энэ сарын 15-наас мөрдөнө гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Энэ бол ташаа мэдээлэл. Залруулга нь гарах байх. Өнөөдрөөс (өчигдөр) уг журмыг хэрэгжүүлж эхэлсэн шүү дээ. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хүмүүс оноогоо хасуулаад эхэлсэн.
Одоогийн байдлаар (өчигдөр 14.00 цагийн үед) 10 гаруй жолооч нэг оноо, 20 орчим хүн хоёр оноогоо хасуулсан гэсэн мэдээлэл байна.
-Программ хангамж болон техниктэй холбоотой ажил дутуу байгаа гэсэн шүү дээ.
-Зарим нэг ажиллагаа дутуу хийгдсэн болохоос журам хэрэгжээд эхэлсэн. Гэхдээ бүх зөрчлөөс оноо хасахгүй. Жолоочийн гаргасан зөрчил зам тээврийн ослоор төгсдөг, онц ноцтой гэж болохоор 17 зөрчлөөс л оноо хасна.
Зам тээврийн эрсдэлээс сэргийлэх, жолоочийн сахилга, соёлыг дээшлүүлэх зорилгоор энэ журмыг хэрэгжүүлж байна.
-Хэрэв 10 оноо нь бүгд дуусвал яах вэ?
-Тэгвэл жолоо барих эрхгүй болно. Дахин сургалтад хамрагдаж, шалгалт өгч жолоодох эрхээ сэргээлгэнэ.
Ч.БОЛОРТУЯА