Г.Шийлэгдамбын гар бичмэл олон зүйлийг дахин нотоллоо. МАХН-ын дарга Н.Энхбаярын нам удирдах арга барил, түүнийг ямар хүмүүс тойрон хүрээлдэг, тэр дундаа энэхүү захидлыг тэрлэгч Г.Шийлэгдамба яагаад улс төрд үхэн хатан зүтгэж, юугаар дэнчин тавьж тушаал дэвшив гээд төрийн албаны нүүр царай захидал дээрхээс ч бодитойгоор дэлгэгдэж байна.
Захидал бичигч болоод захидалд дурдагдсан нэрс л МАХН-ынх болохоос утга агуулга нь бүхий л нам, улстөрчдийн өдөр тутмын ажил, амьдралын өнгө будгаар хачирлаагүй эгэл жирийн тэмдэглэл юм.
Г.Шийлэгдамбыг сайдад дэвшүүлсэн Н.Энхбаяр, Н.Энхбаяртай тохирч засаг байгуулсан АН, эднийг “нүдэгч” МАН, дэргэдээс ажигч ИЗНН гээд бүгдийнх нь тогоонд санхүүжих нэг л дүрэм үйлчилсээр ирсэн.
Энэ бол бидний эх орны эдүгээ цагийн хамгийн гашуун эмгэнэл. Тиймээс олон дарга нараас онцгойлон Н.Энхбаярыг хараах, санхүүжилт олж өгснийхөө хариуд генсекээ баталж, намын жагсаалтын хоёрдугаарт бичигдэх гэсэн Г.Шийлэгдамбыг хөөрхийлөх нь утгагүй хэрэг.
“Гэрэлд цохиулсан” тал бантаж элдэв шалиг тайлбар ургуулж байгаа болохоос, баригдаагүй өч төчнөөн тэрбумын авлигач сайд нар өдийд төрийн мөнгөөр өр ширээ барагдуулсан шиг хэдийнэ чимээгүйхэн төвхнөчихсөн яваа.
АН-ын хоёр дахь Засгийн газар бүрэлдэхэд сайдын суудлынх нь ханш 1-2 тэрбум төгрөгт хүрсэн тухай ам дамжсан яриа улс төрийн хүрээнд нэр хаягтайгаа сонсогдож л байсан. Өөрийн фракцаас сайд томилох байтал оронд нь хүний хүнд суудлаа зарчихаад хоёр тэрбумыг халаасалсан толгойлогч АН-д л байдаг сурагтай.
Нэгэн эмэгтэй сайд болох таамгаар намдаа нэг тэрбум төгрөг яаран хандивласан боловч олон нийтийн дургүйцлээс үүдэн түүнийг томилсонгүй. Одоо хандиваа буцаалтай биш, тэр эмэгтэй сонгуульд намын жагсаалтын дээгүүр бичигдэх горьдлого тээн суугаа гэх.
Нам, фракцын удирдлагуудаар дамжих асар их хэмжээний мөнгө “намын санхүүжилт” гэх боловсон тодотголтой, цэмцгэр панз болсоор уджээ.
“Гаалийн” хэмээгдэгч Х.Баатарын улс төрийн замнал хавьгүй эрт төгсгөл болсонтой адил Г.Шийлэгдамба ид насандаа нам ч үгүй, ажил ч үгүй болж байх шиг. Эсвэл энэ удаагийнх арай өөрөөр төгсөж ч мэднэ.
Гар бичмэлд сонгуулийн өмнөх улс төрийн сөргөлдөөний сүүдэр, аргаа барсан заль саам, эс бөгөөс гурван хүүхдийнхээ нэр төрийг хичээсэн эцгийн чин сэтгэлийн аль нь давамгайлсныг таахад бэрх.
Гэвч гарын үсэг зурсан эхний захидлаасаа буцаж, нэлээд хугацаа өнгөрсний дараа удаах гар бичмэлээ барьсаар олны өмнө зогсож байгаа Г.Шийлэгдамбын ард улс төрийн намаар дамжиж эрх мэдэл, эд баялагтай болж эрийн цээнд хүрэх гэсэн олон залуус дугаарлан зогсож байгаа нь л харин тодорхой юм.
Улс төрийн намууд оршин тогтнох, санхүүжих эрх зүйн орчин шударга, боловсронгуй байж гэмээнэ төр цэвэр тунгалаг оршиж, түүний албатууд авлигаас ангид, улстөржсөн шалиг явдлаас дээгүүр түвшинд ажиллаж амьдрах ганцхан л гарц харагдсаар.
Б.ЭНХЦЭЦЭГ