Зам, тээврийн сайд болсноосоо хойш гурван сарын дараа М.Зоригт “Пээ, тэр төмөр замын вант улс гэдэг чинь сайдаа хүртэл дотогш оруулдаггүй, хаалттай орчин юм. Би нэгэнт дотор нь орж чадахгүйгээс хойш ядаж ачаа тээврийг нь нэмэгдүүлэхээр ажиллаж байна” хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр халаглан ярьж байв.
Удалгүй 3.2 сая тонн нефть Монгол Улсаар дамжин БНХАУ руу тээвэрлэгдэх болсныг “Би хийлээ” хэмээн олон нийтэд зарлав. Үүнд хэн ч залруулга хийгээгүй болохоор сайд хүний хийснээр өөрийгөө дөвийлгөн ярихаа зогссонгүй.
“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар, орлогч дарга Л.Даваапил нар томилогдсон цагаасаа эхлэн ОХУ-ын “Роснефть” компанитай холбоо тогтоон, хэлэлцээ явуулсны үр дүн 10 сарын дараа гарсан нь тэр байлаа.
Салбар хариуцсан сайдад “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үүд хаалга шууд утгаараа хаалттай байх нь юу л бол. Харин хэн нэгэн, магадгүй ашиг сонирхлын зөрчил үнэртүүлсэн бизнесмэн М.Зоригтод санасныхаа зоргоор давхих орон зай Монгол, Оросын хамтарсан хоёр орны онцгой зохицуулалттай энэ байгууллагад хязгаарлагдмал байхыг үгүйсгэхгүй.
М.Зоригт сайд одоо өөрийнхөө “хаалгаар” дотогш нэвтрэхээр чармайх болжээ. Тэрбээр Зам, тээврийн сайд болмогцоо “УБТЗ” ХНН-ийн даргад оюутан цагийн ангийн анд Д.Жигжиднямаагаа зүтгүүлж эхлэв.
Энэ мэдээлэл АН-ынхныг ангайлгаж орхижээ. Өдгөө “УБТЗ”-д тээвэр хариуцсан орлогч даргын албан тушаал хашиж буй Д.Жигжиднямаа нь сөргөлдөгч МАН-ын дархлагдсан гишүүн тул АН-ынхны дургүйцлийг төрүүлсэн байна.
Гэтэл улс төрийн хамааралгүйгээр М.Зоригт, Д.Жигжиднямаа хоёрыг зөвхөн найзын сайхан сэтгэл холбосон гэвэл том эндүүрэл ажээ. Мэргэшсэн албанд намын харьяаллыг эс хайхран сайд өөрийн хүнээ дэмжиж явбал бизнесийнхний эсэргүүцлийг ч тэгтлээ хөдөлгөхгүй байсан.
Тэднийг өөр ашиг сонирхол холбосон байх тухай мэдээлэл тээвэр зуучийн үйлчилгээ эрхлэгчдийн дунд хэдийнэ түгээд байна. Д.Жигжиднямаагийн гэр бүлийн өмчлөлд “East wind”, “Fifth trans” ХХК гэсэн тээвэр зуучлалын хоёр компани бий.
Авлигатай тэмцэх газар 2015 онд түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг хянаж үзээд “Ашиг сонирхлын зөрчилтэй энэ хүнийг албан ажлаас нь чөлөөлнө үү” гэсэн хүсэлтийг “УБТЗ” ХНН-ийн удирдлагад сануулж байжээ.
Монгол Улсад одоогийн байдлаар тээвэр зуучийн 217 компани бүртгэлтэй. Үүний 90 орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг буюу “УБТЗ”-тай ажил төрлийн тогтмол харилцаатай гэсэн үг. Д.Жигжиднямаагийн эхнэрийн удирдан ажиллуулж буй тээвэр зуучийн хоёр компани салбарынхаа “Топ-10” аж ахуйн нэгжийн тоонд багтдаг аж.
Тээвэр зуучийн нэгдсэн холбооноос хувийн компанидаа давуу тал үүсгэж буй “УБТЗ”-ын орлогч дарга Д.Жигжиднямаагийн талаар гомдол мэдүүлснийг атаа жөтөө гэхээсээ авлигын эсрэг шударга хандлага хэмээн ойлговол зохилтой.
Нэгэн сонирхолтой мэдээллийг тээвэр зуучийн бизнес эрхлэгч өгүүллээ. Энэ бол УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт хэдэн жилийн өмнө тээвэр зуучийн бизнест хөл тавьж, компани байгуулж байсан тухай түүх.
Харамсалтай нь салбарын талаарх мэдлэг, хэлхээ холбоо дутуу тул түүх зогсчээ. Одоо харин ангийн найз Д.Жигжиднямааг “УБТЗ” ХНН-ийн даргад зүтгүүлэх замаар дампууруулж орхисон бизнесээ сэргээн цэцэглүүлэх сонирхол салбарын сайдад төрснийг үгүйсгэх аргагүй.
М.Зоригт сөргөлдөгч намын боловсон хүчнийг “УБТЗ”-ын даргад илэрхий лообийдож байгаагийнх нь төлөө төмөрзамчид, тээвэр зуучийн бизнесийнхэн хардах бүрэн эрхтэй.

М.Зоригт Л.Пүрэвбаатар
Л.Пүрэвбаатар “УБТЗ” ХНН-ийн даргаар томилогдоод нэг жил болж байна. Эдийн засгийн байдал амаргүй энэ хугацаанд экспортын тээвэрлэлтийн хэмжээг тогтоон барьсан, барилгын болон бусад импортын ачааны эрчимтэй бууралтыг сөрөн ашиг орлогоо алдалгүй ажилласнаар хөрөнгө оруулалт их засварын төлөвлөсөн ажлуудаа гүйцэтгэж, ажилчдынхаа цалин урамшууллыг 10 хувиар нэмэгдүүлсэн гэж байгууллагын мэдээлэлд дурджээ.
Хямралтай үед цалингаа нэмсэн цор ганц байгууллага улсын хэмжээнд “УБТЗ” ХНН болсон. Түүнчлэн Төмөртэйн ордын 34.5 км төмөр замын бүтээн байгуулалт, жишиг галт тэргийг үйлчилгээнд нэвтрүүлсэн, зорчигч үйлчлүүлэгчдийн тав тухыг хангах зорилгоор төв буудлын их засварт оруулан шинэчилсэн, вокзалд хурим хийх саналаа Баянгол дүүргийн ЗДТГ-аас өгсөн байх жишээтэй.
“УБТЗ”-ынхны өнгөрсөн нэг жилд хийсэн сайн ажил цөөнгүй. Ялангуяа байгууллагын тэтгэврийн санд цалингийнхаа 1.2 хувийг өөрийн нэр дээр төлөх юм бол компанийн зүгээс адил дүнгээр давхар шимтгэл төлж, хамтарч арвижуулснаар 15 жилийн дараа ажилтан бүр 70 сая төгрөгийн хуримтлал бүхий нэрийн данстай, түүнийгээ үр удамдаа үлдээх эрхтэй, улсын тэтгэврээсээ гадна нэмэлт орлоготой иргэн болох туршлагыг Л.Пүрэвбаатар санаачилжээ.
Мөн дуулиант Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтыг “УБТЗ” хийх бүрэн чадвартай, оролцъё гэсэн саналыг Ерөнхий сайдад гаргаад байгаа аж.
Тэгвэл Л.Пүрэвбаатар “УБТЗ” ХНН-т ашиг сонирхлын зөрчил гаргуулахгүй, төмөр замын бизнесийг авлигаас ангид байлгах үүднээс ямар ажил хийсэн юм бол гэсэн асуулт мөн л урган гарна. Л.Пүрэвбаатар 2015 оныг “Тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгон зарлаж, энэ хүрээнд Зорчигч үйлчилгээний төв, Тээвэр үйлчилгээний төв байгуулсан нь төмөр замын дотоод ажлаас үйлчилгээг салгахад чиглэгдсэн гэнэ.
Өөрөөр хэлбэл, “УБТЗ” ХНН-ийн орлогч дарга нар, алба, нэгжийн дарга нарын нөлөөлөх боломжийг хязгаарлаж, бизнесийг дарга нараас холдуулахаар зохион байгуулжээ. Гэвч энэ нь “УБТЗ” ХНН-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Х.Эрдэнийн эсэргүүцэлтэй тулаад байгаа аж.
Төмөр замын салбарт ажиллаж буй 15 мянган хүний цалингаас сар бүр автоматаар нэг хувийн шимтгэл татан санхүүгийн эрх мэдэлтэй болсон түүнд М.Зоригт сайд мөн л дэмжлэг үзүүлдэг.
“УБТЗ”-ын даргад хаягласан ҮЭХ-ны шаардлага эзэндээ очихоос өмнө сайдын твиттерээр түгдэг нь үүний баталгаа. Тэрбээр зохион байгуулалтын энэхүү өөрчлөлтийг ажилчдыг цомхотгосон үр ашиггүй зүйл хэмээн үзэж байгаа юм.
Төмөр замын “вант” улсыг үйлчилгээний байгууллага болгон шинэчлэх, ашиг сонирхлоос ангид байлгах, орлого нэмэгдүүлэх үүрэгт салбарын сайд нь тээг тавьж дансаа “Голомт” банкинд байршуулах чиглэлийг өгөн зөрчилдөж байна.
“УБТЗ”-ын Тээврийн дээд сургуулийн оюутны 70 мянган төгрөгийг “Голомт” банкаар тавиулах болсон, Зам тээврийн яамны гэрээт ажилчдын цалинг “УБТЗ” хариуцах гэх мэтээр шахалт, дарамтыг учруулах нь “вант улс”-ыг хэвээр оршоох хүсэл мэт санагдана.
Б.ЭНХЦЭЦЭГ