Ховд аймгийн Цэцэг, Алтай сумын Засаг дарга нарт Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Эрүүгийн хуулийн хоёр ч зүйл ангид зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар бид 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны дугаартаа мэдээлж байв.
Хууль бусаар ашигт малтмал ухах зөвшөөрөл олгосон Засаг дарга нарын хэрэг шүүхээр шийдвэрлээгүй, хэрхсэн нь тодорхойгүй өдий хүрч байна. Тиймээс бид энэ хэрэг хаана очоод таг болсныг эргэн сурвалжилсан юм.
Ховд аймгийн Цэцэг сумын Засаг дарга Д.Цогбадрах, Алтай сумын Засаг дарга Р.Бадамцэцэг нар 2014 оны зургадугаар сард Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай газрын Цагаан эрэгт вольфрам олборлох зөвшөөрөл хууль бусаар олгожээ.
Улмаар иргэд тэнд олноороо цуглан тусгай хамгаалалттай газрыг төнхөж эхэлсэн бөгөөд Засаг дарга нар тэднээс төлбөр хураамж авч, байгаль орчноо сүйтгэхийг нь дэмжсэн шинжтэй үйлдэл гаргасан байдаг.
Тиймээс мөрдөн байцаах байгууллага дээрх хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд шинжээчдийн дүгнэснээр хууль бусаар ашигт малтмал ухсаны улмаас байгаль орчинд нэг тэрбум 14 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон байна.
Хэрэгт холбогдсон дээрх хоёр Засаг даргад Эрүүгийн хуулийн 214.2-т заасан “Хууль бусаар тусгай хамгаалалтай газарт ашигт малтмал олборлосноос онц их хэмжээний хохирол учирсан”, 236.1 дэх хэсгийн “Дураараа аашилсан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, 2015 оны гуравдугаар сард тухайн үеийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд шилжүүлсэн юм.
Тус шүүх хэргийг хянаад зарим зүйлийг тодруулах шаардлагатай гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаас хойш хаачсан нь тодорхойгүй байна.
МБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхнээс тодруулахад “АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Цэцэг сумын Засаг дарга Д.Цогбадрах, Алтай сумын Засаг дарга Р.Бадамцэцэг нарт холбоотой албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нь шалгахаар болсон.
Тус газарт шалгаж, шүүхэд шилжүүлсэн байх учиртай. Манай хэлтсээс шалгах зүйлээ шалгаж, тогтоогоод өгсөн” гэв. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эх сурвалж “Өнгөрсөн онд уг хэргийг манай шүүхээр шийдвэрлүүлэхээр харьяалал тогтоож, шилжүүлснийг хянаад нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Удахгүй хэргийг нь шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлэх байх” гэлээ.
Прокурорын байгууллагаас хэргийг шүүхэд шилжүүлсний дараа Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравданд прокурорын мэдэгдэл хүргүүлж байсан бөгөөд түүндээ “Сумдын Засаг дарга нарыг хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байх, холбогдох хууль журмыг мөрдөн ажиллах, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, бусад хууль тогтоомжийг сурталчлах, орон нутгийн Байгаль орчин, ойн ангийн эрх бүхий мэргэжилтэн, албан тушаалтан, улсын байцаагч нар Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийг таслан зогсоох талаар тодорхой ажил хийх шаардлагатай” талаар дурджээ.
Г.РАВЖАА