Хотын утаа, хөрсний бохирдлыг бууруулах цорын ганц боломж нь гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах явдал гэдгийг амтай болгон ярьдаг ч ажил хэрэг болгох дээрээ гацах нь олонтаа.
Дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж, орон байргүй болон гудамжинд гарч байна гэсэн мэдээлэл сүүлийн үед олны дунд тархаад байгаа.
Тодруулбал, өнгөрсөн сарын 26-наас Нийтийн эрхийг хамгаалах хорооны төлөөлөл Г.Цэрэнбат, Ж.Туул нар гэр хорооллыг дахин төлөвлөх ажил иргэдийн эрхэнд халдаж буй талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж эхэлсэн юм.
Олон нийтийн дунд үүсээд буй уг маргааныг таслан зогсоохоор Гэр хорооллын хөгжлийн газрынхан өчигдөр хэвлэлийнхэнд хандав. Хотын дарга Э.Бат-Үүлийн 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах зорилт тусгагдсан.
Энэ дагуу нийслэлийн 80 мянга гаруй иргэнийг байртай болгох үе шаттай ажил 2013 оноос эхэлсэн юм. Өдгөө нийслэлд 7000 гаруй айлын барилгыг угсарч буй агаад энэ оны эхний хагас жил гэхэд гэр хорооллын 1040 өрхийг тохилог сууцтай болгохоор ажиллаж байгаа аж.
Дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд 2014 онд 588, 2015 онд 1651 айлын хашаа, байшинг орон сууцаар сольж өгсөн гэж нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга М.Энхбаатар хэлэв.
Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн V хороон дахь Баянголын 46-2 тоотод оршин суугч Г.Цэрэнбат “2013 оны аравдугаар сард гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Жи Ди” ХХК-тай хоёр талт гэрээ, 2015 оны аравдугаар сард гурван талт гэрээ дахин байгуулж, газраа чөлөөлсөн.
Гэсэн ч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бидэнд түр амьдрах байр түрээслэх зардал огт өгөөгүй. Хуучин хашаа, байшингийн маань үүд хаалгыг таглаж, цахилгаан тасалсан тул одоо амьдрах газаргүй болчихоод байна.
Гудамжинд гарснаас болж, хоёр хүүхэд маань нас барсан” гэх зэргээр хэвлэлд ярилцлага өгчээ. Уг мэдээллийг түүний охин Ц.Дэлхийцэцэг өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр үгүйсгэж, “Аав маань хоёр хүүхдээ өвчний улмаас дараалан алдсан болохоор сэтгэл санаа нь хямраад ташаа мэдээлэл өгсөн байна. Аавынхаа өмнөөс уйчлалт гуйж байна” гэж ярив.
М.Энхбаатар “Иргэн Г.Цэрэнбатын ярьсан зүйл ор үндэслэлгүй, худал. Төсөл хэрэгжүүлэгч “Жи Ди” ХХК Г.Цэрэнбаттай 2013 оны аравдугаар сард хоёр талт гэрээ байгуулсан боловч тус иргэний газар нь эхний ээлжинд барилга барих талбайд ороогүй. Иймд түүнийг газраа хурдан чөлөөл гэж шаардаагүй.
Газар чөлөөлснийх нь дараа тухайн иргэн түр амьдрах байр түрээслэх зардлаа өөрөө гаргахаар гэрээнд тусгасан байна. Орон сууц ашиглалтад ортол хашаа, байшиндаа амьдрах бүрэн боломжтой, компанийн зүгээс цахилгаан тасалж, үүд хаалгыг нь тагласан (хашаа, байшингийнх нь зургийг үзүүлэв) зүйлгүй.
Бид төсөл хэрэгжүүлэгч “Жи Ди” ХХК, иргэн Г.Цэрэнбаттай өнгөрсөн сарын 27-нд уулзсан. Тэгэхэд орон сууц ашиглалтад ортол түр амьдрах байр түрээслэх мөнгө авах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Гэрээнд ийм заалт тусгаагүй тул боломжгүй учраас талууд ойлголцсон” гэж ярив.
Болсон явдлыг Г.Цэрэнбатаас тодруулахад “Нийтийн эрхийг хамгаалах хорооны байранд нэгэн сайтын сэтгүүлч ирж, надаас ярилцлага авсан. Миний ярьсан зүйлийг гуйвуулж, олон нийтэд ташаа мэдээлэл тараасан байна лээ” гэсэн юм.
Гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах ажлыг нийслэлийн 24 байршилд 38 компани гүйцэтгэж байна. 6-7 компанийн ажил төсөв мөнгө, газар чөлөөлөх, инженерийн шугам сүлжээний асуудлаас болоод удааширч байгаа бол “Цэлмэг Ази” ХХК “Ашиггүй бизнес” гээд төслөөс бүрмөсөн гарсан байна.
Тэгвэл Сүхбаатар дүүргийн нутаг дахь Зуун айл орчимд төсөл хэрэгжүүлж буй “Бэрэн лэнд девелопмент” ХХК айлуудын газрыг хямд үнээр худалдан авах гэрээ байгуулж, газар чөлөөлөхийг шаардсан, орон байрыг нь нураан сүйтгэж, ноцтой хохирол учруулсан хэмээн иргэн Ж.Туул хэвлэлийнхэнд хандаад байгаа.
Уг мэдээллийг нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрынхан няцааж “Сүхбаатар дүүргийн XI хорооны Барилгачдын 4-96 тоотод оршин суугч Ж.Туул нь энэ хаяг дээрээ амьдардаг боловч тухайн байршилд газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, эзэмших гэрчилгээгүй. Хууль ёсны өмчлөгч нь биш гэсэн үг.
“Бэрэн лэнд девелопмент” ХХК-ийн захирал Ц.Батбаяр тус газрыг хууль ёсны өмчлөгч Ч.Цэцэгмаа, түүний хүүхдүүд Ц.Одон, Ц.Мариягаас худалдах, худалдан авах гэрээ байгуулан авч, бичиг баримтуудыг нь компанийнхаа нэр дээр албан ёсоор шилжүүлж авсан.
Ж.Туул газар эзэмшигч Ч.Цэцэгмаагийн холын хамаатан бөгөөд Дархан-Уул аймгийн Шарын гол сумаас Х.Даваасүрэн, Т.Гантулга нартай хамт хотод орж ирэн Барилгачдын 4-96 тоот хоосон хашаанд нэг жил гаруй амьдарсан ч газар чөлөөлж өгөлгүй гурван жил болж байна.
Төсөл хэрэгжүүлэгч компани газрыг яаралтай чөлөөлж өгөхийг иргэн Ж.Туул Х.Даваасүрэн, Т.Гантулга нараас удаа дараа шаардсан боловч хүсэлтийг нь хүлээж авалгүй өдий хүрчээ. Түүгээр ч барахгүй газар чөлөөлөхийг шаардсан “Бэрэн” компанийн ажилчдыг хэл амаар доромжилж, зодож танхайрсан” гэж ярилаа.
“Бэрэн лэнд девелопмент” ХХК-ийн захирал Ц.Батбаяр үүсээд буй уг маргааныг таслахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Энэ хэргийг шүүх хэлэлцээд Ж.Туул Х.Даваасүрэн, Т.Гантулга нарыг гэм буруутайд тооцсон байна. Ж.Туул давж заалдсан ч заргаа авч чадаагүй аж. Болсон явдлыг тодруулахаар Ж.Туултай уулзлаа.
-Таны одоо амьдарч буй Сүхбаатар дүүргийн XI хорооны Барилгачдын 4-96 тоот хашааг өмчлөгч нь зарчихаад нүүсэн байхад яагаад газрыг нь чөлөөлж өгөхгүй байгаа юм бэ?
-Өнөөдөр (өчигдөр)-ийн хэвлэлийн бага хурлаар намайг гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд санаатайгаар саад хийж байна гэж ярьсан бололтой. Миний амьдарч буй газрын эзэмших гэрчилгээ нь өөр хүний нэр дээр байдаг нь үнэн. Нагац эгч буюу ээжийн минь төрсөн дүү Ч.Цэцэгмаагийн эзэмшлийн газар. Би төрсөн ах, дүү нартайгаа энэ газрыг булаацалдаагүй ээ.
Хамгийн гол нь гэр хорооллын дахин төлөвлөлт буруу явагдаад байна гэдгийг л хэлээд байгаа юм. Төрөөс гэр хорооллыг орон сууцжуулах ажил өрнүүлж буй нь сайн хэрэг. Тэр тусмаа Зуун айл орчмын агаар, хөрс хамгийн бохир байдаг. Гэхдээ энэ ажлыг хэрэгжүүлэхдээ иргэдийг дээрэлхэж, дээрэмдэж буйд эмзэглэж байна.
Миний өвөөгийн ах, дүү, садан төрөл нь 1930-аад онд хэлмэгдэж, цор ганцаараа үлдсэн гэдэг. Насанд хүрээд эмээтэй ханилж, манай ээж, нагац эгч маань төрсөн юм билээ. Тухайн үед Хүнсний I дэлгүүрийн буурин дээр өвөөгийнх маань байсан гэсэн.
1950-иад онд хот төлөвлөлт явагдаж одоогийн 40, 50 мянгатууд баригдаж эхэлсэн үе. Тэр үед Хүнсний I хавийн гэр хорооллын айлуудын газрыг чөлөөлснөөр манай өвөө, эмээ одоогийн миний амьдарч буй Сүхбаатар дүүргийн XI хорооны Барилгачдын 4-96 тоот хашаанд нүүж очсон байдаг.
60 гаруй жил бидний үр хүүхэд тэр хашаанд өсөж өндийсөн. Социализмын үед үл хөдлөх хөрөнгийг хамтран эзэмшдэггүй байсан учраас өвөө маань өнгөрөхдөө бага охиндоо буюу ээжийн төрсөн дүү Ч.Цэцэгмаад өв хөрөнгөө үлдээсэн юм билээ.
Намайг залуу байхад аав ээж маань нас барсан учраас нагац эгч л биднийг өсгөсөн. Тиймээс бид нас өндөр болсон хөгшинтэй газраа булаацалдахгүй. Хамгийн гол нь бидний өвөг дээдсээс таван үе дамжин өвлөгдсөн хашаа, байшинг маань булааж авч байгаад гомдолтой байна.
1930-аад онд иргэдийн өмч хөрөнгийг хурааж авч байсантай яг адилхан. Хэн ч паартай байшин, паалантай жорлонд суухыг хүсэлгүй яахав. Гэхдээ би хоёрхон өрөө байраар өвөг дээдсийнхээ гал голомтыг худалдахгүй. Тиймээс л одоо болтол газрыг чөлөөлж өгөхгүй байгаа юм.
-“Бэрэн лэнд девелопмент” ХХК айлуудын газрыг хямд үнээр худалдан авч, газар чөлөөлөхдөө орон байрыг нь нураан сүйтгэж, иргэдэд гар хүрсэн гэж та ярьсан байсан. Тийм үйл явдал болсон юм уу?
-Үнэн байлгүй яах вэ. Байшинг маань нурааж байсан бичлэгийг CD-нд бичүүлж хадгалсан байгаа. А зэрэглэлийн газрыг маш хямд худалдаж авсан. Нэг хашаанд 2-3 өрх амьдардаг байхад дунд нь 51 ам метр, хоёр өрөө байр л өгсөн.
Дээрээс нь “Бэрэн” компанийн газар чөлөөлөхөөр ирсэн 30-аад залуус нөхөр, бид хоёрыг хэл амаар доромжилж, зодож танхайрсан. Трактороор манай хашааг эвдсэн. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд нэр маань байхгүй л болохоос бага байхдаа эмээ өвөө дээрээ, дунд сургуулиа Дархан-Уул аймгийн Шарын гол суманд дүүргээд хотод ирээд л энэ хашаанд амьдарсан.
-Хуулиар хүний газрыг чөлөөлж өгөхгүй, хотын бүтээн байгуулалтад ингэж саад учруулж болно гэж та бодож байна уу?
-Миний өвөг дээдсийн гал голомт хоёр өрөө байраар үнэлэгдэхгүй. Энэ нь амьжиргааны эх үүсвэр яагаад ч болохгүй. Хувийн эзэмшлийнхээ газарт өртөггүй амьдарч байхад одоо намайг гудамжинд гаргах уу.
Тиймээс би өвөг дээдсийнхээ хашаа, байшинг тэрбум төгрөгөөр үнэлнэ. Энэ хэмжээний мөнгө өгөхөөс нааш эндээс би нүүхгүй. Амиа золиосолсон ч чадна. Хашаа байшинг хүчээр буулгаг. Буурин дээр нь гэрээ бариад амьдарна. Гэр ачаад явчихвал шороон дээр овоохой бариад ч хамаагүй сууна.
Болохгүй бол газар ухдаг машиных нь шанаган дор орсон ч яах вэ. Манай нагац эгч өрх толгойлсон, бие муутай хөгшин байдаг. “Бэрэн” компанийнхан анх гэрээ байгуулахдаа “Танай газар “П” хэлбэртэй орон сууц барих хэсэгт ороогүй.
Нийтийн эзэмшлийн талбай дээр хашааны чинь зураг байгаа учраас орон сууц олгохгүй. Яах вэ хэдэн төгрөгөөр авъя” гэж манай эгчийг сүрдүүлж байгаад хоёр өрөө байр л өгсөн байсан.
-Таныг хэл ам татлаад байхаар нагац эгч чинь юу гэх юм?
-“Бэрэн лэнд девелопмент” ХХК-ийнхан манай эгч рүү утсаар удаа дараа залгаж дарамталсан. “Газар ч үгүй, байр ч үгүй болгоно шүү” гэсэн байна лээ. Түүнээс болоод эгч маань цус харваж, одоо хэвтэрт байгаа.
Хүүхдүүд нь “Та одоо больчих. Ээжийн бие муу байхад хэл ам хийгээд яах вэ” гэсэн. Би олон хүүхэдтэй. Хүний, өөрийн, өнчин өрөөсөн нийлсэн 11 хүүхэдтэй. Энэ газрыг орхиж чадахгүй ээ, Э.Бат-Үүл дарга аа. Дахин төлөвлөлт явуулж буй компаниуд чинь зөвхөн газар эзэмших эрхтэй хүмүүстэй л гэрээ хийж байна. Хашаанд нь цуг амьдардаг төрөл садныг нь бодож үзээч ээ л гэж хэлье.
О.БАТ-УНДРАХ