Тахарын албаны Сэлэнгэ аймаг дахь хэсгийн харуул хуяг, туслах тахар Б.Мөнхболд галаас хоёр хүүхдийн амь насыг аварсан байна.
Б.Мөнхболд нь нэгдүгээр сарын 21-ний өдөр албан үүргээ гүйцэтгээд гэртээ харьж явахад замд нь 18 дугаар байрны хоёр давхраас бага насны хоёр хүүхэд "Ахаа туслаарай, манай гэр шатаж байна" гэж хашхирч байгааг сонсон орц руу гүйн ороход орцоор дүүрэн утаатай, харанхуй байсан ба хаалганы дэргэд очиход дотроосоо шатсан байдалтай хаалганы завсраар гал улалзаж байсан байна.
Хажуу айлын эмэгтэйд "101 дуудаарай" гэж хэлээд шатаж байсан хаалгыг өшиглөж онгойлгон ороход бага насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд уйлаад сууж байсан байна. Хоёр хүүхдэд өөрийн өмсөж явсан гадуур хувцсаа нөмөргөөд авч гарч нэгдүгээр давхрын айлд оруулан учрыг хэлээд орхих үед онцгой байдлын гал унтраагчид ирж галыг унтраасан.
Хүүхдүүдийн эцэг, эх Б.Мөнхболдтой утсаар холбогдон хүүхдүүдийнх нь амь насыг аварсанд маш их талархаж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр өмнө нь Сэлэнгэ аймгийн онцгой байдлын албанд "аврагч, гал сөнөөгч"-өөр найман жил ажилласан туршлагатай алба хаагч юм.
