Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархираа” хүнсний дэлгүүрт нэгдүгээр сарын 30-31нд шилжих шөнө 3:35 минутын орчим гал гарлаа гэсэн дуудлага СХД-ын Цагдаагийн II хэсэгт иржээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн эргүүлийн оффцер Н.Барбаатар, цагдаагийн ахлагч Г.Чингис нар очиж дүрэлзэж буй галаас нэгэн гэр бүлийн амийг аварсан байна.
Энэ талаар Н.Барбаатараас тодруулахад “Г.Чингис бид хоёрыг очиход найман нэрийн хүнсний дэлгүүр болон орон сууцны зориулалттай хоёр давхар байшинд хүчтэй гал гарч байсан. Бид ойролцоо байсан таксины жолооч нараас тусламж гуйж байшингийн хойд хаалгыг цөмлөн дотор байсан хүмүүсийг гаргаж эхэлсэн. Удалгүй ОБЕГ-ын аврах ангийнхан ирж байшин доторх бүх хүмүүсийг аварсан юм. Галд өртсөн дэлгүүрийн эзэд болох Азбаяр, Энхсугар нарын бага хүү угаартаж ухаангүй байсан учраас цагдаагийн ахлагч Г.Чингис бид хоёр СХД-ийн хүүхдийн яаралтай тусламжийн төвд хүргэж өгсөн” гэлээ.