Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу эдгээр хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнуудаас хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах, хянах үйл ажиллагаа энэ сарын 15-нд дуусна.
Гэтэл төрийн өндөр албан тушаалтнууд мэдүүлгээ гаргахдаа хойрго хандаж байна. АТГ-т мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 276 албан тушаалтнаас өдгөө уг албан тушаалдаа ажиллаж байгаа 270 хүн мэдүүлгээ шинэчлэн гаргах ёстой аж.
Өчигдрийн байдлаар тэднээс УИХ-ын гишүүн 33, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд 22, Ерөнхий консул тав, Байнгын төлөөлөгч хоёр, Засгийн газрын агентлагийн дарга 19, бусад (хороодын дарга, гишүүд гэх мэт) 61, нийтдээ 142 албан тушаалтан мэдүүлгээ гарган бүртгүүлжээ.
Энэ нь бүртгүүлэх ёстой нийт хүний 52.6 хувь юм. Харин төрийн болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагаас ирүүлсэн нэрсийн жагсаалтаар мэдүүлгээ гаргавал зохих нийт 40.031 албан тушаалтнаас 33.696 нь ХАСХОМ-ээ шинэчлэн мэдүүлсэн бөгөөд явц 84.1 хувьтай байгаа аж.
Мэдүүлэг бүрдүүлэх хугацаанд Цагаан сар тохиож байгаа тул албан тушаалтнууд энэ долоо хоногт ХАСХОМ-ээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг АТГ-аас анхаарууллаа.
Г.РАВЖАА