Манай улсад эхэлсэн Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээн өндөрлөх дөхжээ. Тивийн долоон орны шилдгүүд швейцар системээр есөн өрөг, стандарт цагийн хяналттай тоглож буй дээрх тэмцээнд Монголын шатарчид хэрхэн өрсөлдөж буйг тоймлон хүргэе. Нээлттэй ангилалд оролцсон тамирчдаас IV өрөгт Сингапурын их мастер Тин Жингяао, ОУМ Х.Итгэлт, Г.Амартүвшин, Вьетнамын их мастер Тран Туан Мин, Дау Кун Дүи нар хожигдолгүй 3.5 оноотой тэмцээнийг тэргүүлж эхлэв. V өрөгт нэгдүгээр ширээнд тоглосон Сингапурын их мастер Тин Жингяао хар талаас тоглон Монголын тамирчин ОУМ Х.Итгэлтийг, эмэгтэй¬ чүүдээс Э.Энхрий нутаг нэгт тамирчин, их мастер Т.Мөнхзулыг буулгаж авснаар нэг ч хожигдолгүй урагшилсан. Тэгвэл VI өрөгт тоглолтын салхи өөр тийш эргэж, их мастер Тин Жингяао цагаан талаас ОУМ Г.Амартүвшинг, эмэгтэйчүүдээс Х.Баясгалан хар талаас Э.Энхрийг илүүрхэж, 5.5 оноотой тэмцээнээ үргэлжлүүллээ. VII өрөгт их мастеруудаас Тин Жингяао хар талаас Вьетнам улсын ОУМ Дау Кунг Дүитэй тэнцэж, Х.Баясгалан цагаан талаас Вьетнамын тамирчныг хожиж, тэмцээний уур амьсгалыг илүү өрсөлдөөнтэй, сонирхолтой болгов. Хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг “Дэлхийн цом”-ын тэмцээний эрх олгох тус тэмцээнд зөвхөн нээлттэй ангилалд 2000, эмэгтэйчүүдийн ангилалд 1800-аас дээш олон улсын чансаатай шатарчид оролцдог онцлогтой. Монгол Улс зохион байгуулагч орны давуу эрхийн хүрээнд Монголын шатрын холбооноос сонгон шалгаруулах анхан шатны тэмцээнийг нээлттэй ангилалд эрэгтэйчүүдийн ангилалд 2000, эмэгтэйчүүдийнхэд 1800-аас доош олон улсын чансаатай шатарчдын дунд зохион байгуулж, ангилал тус бүрт эхний 20 байрт жагссанд нь оролцох эрх олгосон. Тэдний дунд өсвөр үеийн шилдэг шатарчид шалгарч, өрсөлдөх эрх авснаас хамгийн залуу нь найман настай Г.Эркин, Г.Агар, Ш.Уранзаяа нар байлаа. Тэмцээний ерөнхий шүүг¬ чээр Хонконгийн олон улсын шүүгч Кк Чан, оноолт хариуцсан шүүгчээр Филиппиний Майкл Жосеф Пагаран, тоглолтын шүүгчээр Малайзын Генкисваран Муниан, Монголоос олон улсын болон улсын 10 шүүгч тоглолтыг дэнсэлж байна.