Нийслэлийн иргэдийн дугуй унах соёл, хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Дугуйтай Улаанбаатар-2025” арга хэмжээний сонирхогчдын болон мэргэжлийн төрөлд 188 хүн өрсөлдлөө. Тухайлбал, засмал замын төрөлд 108 дугуйчин оролцсон бол мэргэжлийнхэд нь 55 тамирчин өрсөлджээ. Сонирхогчдын төрөлд оролцогчид 20, мэргэжлийнх нь 40 км зам туулдгаараа засмал замынх бусдаасаа ялгардаг. Уг төрөлд Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Сүхбаатар, Ховд аймгийн дугуйчид оролцсон байна. Эл төрлийн мэргэжлийнхний замд үндэсний шигшээ багийн тамирчин, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт, “Парис-2024” зуны олимпын наадмын оролцогч ОУХМ С.Жамбалжамц түрүүлжээ. Харин виртуал дугуйн төрөлд зөвхөн эмэгтэйчүүд оролцдог. Энэ төрөл нь “Ковид-19” цар тахлын үеэс хөгжиж эхэлсэн бөгөөд дэлхийн хаанаас ч орон зай хамааралгүй, цахимаар өрсөлдөх боломжтойгоороо онцлог гэнэ. Уралдааныг Сүхбаатарын талбай дахь төв асарт зохион байгуулсан бөгөөд 35 дугуйчин өрсөлдөв. Оролцогчид дугуйндаа тусгай төхөөрөмж холбох бөгөөд аппликэйшнаар тэдний хурд, хүчийг хянадаг спортын шинэ төрөл юм байна. Мөн дугуйны тэнцвэрийн төрлийг 4-5 насныхны дунд зохион байгуулахад 45 хүүхэд оролцжээ. Энэ төрөлд 1-3 дугаар байр шалгаруулсан байна. Харин бусад төрөлд мэргэжлийн, сонирхогчдын өсвөр, залуу, ахмадын ангилалд 1-5 дугаар байрны эздийг шалгаруулсан аж.
А.Үүл