Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоолыг хэрэгжүүлж эхэлсэн юм. Гэсэн хэдий ч уг баталсан дээд хязгаарт багтаан зургаан шалгуур үзүүлэлтээр нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг олгохоор болсон билээ. Ийнхүү өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас эхний дөрвөн шалгуур үзүүлэлтийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд удаах хоёр шалгуур үзүүлэлтийг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлнэ.
Тодруулбал, нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг дараах шаардлагыг хангасан тохиолдолд олгоно.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн шалгуур үзүүлэлтүүд:
- Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх;
- Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуульд заасан төлбөр, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчлийг болон торгох шийтгэлийг барагдуулсан байх. Жолоочийн даатгалын тухай хуулийн 5.1 дэх хэсгийн дагуу даатгуулсан байх;
- Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь "евро-4" эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх;
- Батлагдсан шалгуур үзүүлэлтээр тогтоосон дэс дарааллын эхэнд байх;
Зургаадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх шалгуур үзүүлэлтүүд:
5. Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх;
6. Экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдсан байх.