Сүхбаатарын талбайд хоёр сар орчим хугацаанд сүндэрлэсэн том цагаан асрыг өчигдөр буулгаж эхэлжээ. Асрыг буулгахад 2-3 хоног зарцуулах бөгөөд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөс урьтаж хураах гэнэ. Тус асрыг нийслэлийн ЗДТГ-аас “UB food” фестивалийг зохион байгуулахтай холбоотойгоор өнгөрсөн сарын 8-нд төв талбайд зассан юм. “Дайн дажин болж байгаа биш, хуаран барилаа, хотын өнгө үзэмжийг гутааж байна, буулгаач” гэж шүүмжлэх хүн цөөнгүй байв. Узбек, монгол хоолны өдөрлөгөөс хойш уг асарт циркийн тоглолтоос эхлээд олон арга хэмжээ зохион байгуулж, “амраагаагүй” билээ. Барьсан хойно, буулгаж болмоор. Гэтэл хотын дарга Х.Нямбаатар уг асар Монголд өмнө нь байгаагүй том байгууламж учраас буулгахын тулд тендер зарлана гэх зэргээр буулгах ухаанаа олохгүй будилж яваагаа дуулгасан. Үүний дараахан “Улаанбаатар марафон” дуусангуут буулгаж, аж ажуйн нэгжүүдэд 3-4 сарын хугацаанд түрүүслүүлнэ гэж ярьсан.
Жагсаал, цуглаан, номын баяр, хурим найр, хонхны баяр, анги хамт олны уулзалт, “Одонтой ээжүүд” гээд шил шилээ дарсан олон арга хэмжээний үеэр ад үзэгдэж байсан том цагаан асрыг ямартаа ч буулгаж, өөр газар нүүлгэн шилжүүлэх болсон нь энэ. Асрыг “Мондакт трипл катеринг” ХХК буулгаж буй аж. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тодруулахад “Асрыг буулгаж, суулгах, ашиглалт хариуцах сонгон шалгаруулалтад зургаан аж ахуйн нэгж хүсэлт ирүүлсэн. 90-350 сая төгрөгийн үнийн санал бүхий хүсэлт ирсэн. Ганцхан аж ахуйн нэгж нь буулгаж, суулгах, ашиглалт хариуцах гэсэн шалгуурыг хангасан. Бусад нь зөвхөн буулгаж, суулгахад л хүсэлт илгээжээ. Өөрөөр хэлбэл, “Мондакт трипл катеринг” ХХК шалгарч, нийслэлтэй гэрээ байгуулан, цаашид ашиглалтыг хариуцахаар болсон. Буулгаж, суулгах ажлыг үнэ төлбөргүй гүйцэтгэж байгаа. Энэ асар нь 50:80 метр хэмжээтэй. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд багасгаж барих гэхээр боломжгүй байна. 50:50 м болгож барих нь аюулгүй ажиллагааны хувьд нийцэхгүй гэв. Одоогоор тус асрыг хаана байршуулах нь тодорхойгүй байна.
Ч.Цэлмэг