Нийслэлийн төсвийн төлөвлөлт, зарцуулалт олон нийтэд ил тод бус, үрэлгэн гэсэн шүүмжлэл байнга гардаг. Сүүлийн үед Улаанбаатар хотод өрнөж буй авто болон явган хүний замын засвар, шинэчлэлийн ажилтай холбоотойгоор ийм шүүмжлэл эрчээ аваад байгаа. Тэгвэл нэр бүхий иргэн нийслэлийн төсвийн зарцуулалтад хяналт шалгалт хийлгүүлэхээр “D-Parliament” цахим системд нийтийн өргөдөл гаргажээ.
Тэрбээр өргөдөлдөө “Нийслэлд үр ашиггүй зардал их бий. Хотын дарга Х.Нямбаатар бүхнийг дураараа шийдэж байна. УИХ нийслэлийн төсвийн зарцуулалт болон хотын даргын үйлдлийг хянаж шалган, хуулийн дагуу, эсэхийг тодруулах ёстой” гэжээ.
Өргөдөлд 70 мянган хүн гарын үсэг зурснаар парламент эл асуудлыг холбогдох байнгын хороонд шилжүүлэх, судалж шийдвэрлэх ажлын хэсэг байгуулах нөхцөл бүрдэх юм. Өчигдрийн 17.00 цагийн байдлаар 420 хүн уг санаачилгыг дэмжсэн байв. Өргөдөлд гарын үсэг цуглуулах 30 хоногийн хүчинтэй хугацаа ирэх сарын 11-нд дуусах аж.
Ж.Сувд