Улаанбаатар хотод метро байгуулах тухай асуудал гараанаас хөдөлсөн энэ цаг үед ШУТИС-ийн харьяа Механик инженер, тээврийн сургуулийн хамт олон энэ чиглэлийн инженерүүдийг бэлтгэх 2+2 хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж эхэлжээ. Тодруулбал, метроны механик ба хөдлөх бүрэлдэхүүний инженерчлэл, барилгын болон удирдлага, хяналтын, дохиолол ба цахилгааны инженерчлэл гэсэн дөрвөн чиглэлээр мэргэжилтнүүдийг бэлтгэх юм байна. Уг хөтөлбөрт элссэн оюутнууд эхний хоёр жилд ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургуульд суралцаж үндсэн мэдлэг, онол, ур чадвар эзэмших бол дараагийн хоёр жилд БНСУ-д мэргэжлийн туршлага хуримтлуулах, олон улсын стандартад нийцсэн дадлагад хамрагдах аж. Метроны инженер мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг хүүхэд залуус ихэд сонирхон, элсэлтийн шалгалтад идэвхтэй хамрагдаж, эхнээсээ хичээлдээ оржээ.
Г.Сансар