Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлийн ажлыг үе шаттай хийж буйг нийслэлийн ЗДТГ-аас мэдээллээ. Үүний хүрээнд ногоон байгууламжийн арчилгаа, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн цэвэрлэгээг дүүргүүд өөрсдөө хариуцан хийж буйг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ хэлэв. Тэрбээр “Хот, нийтийн аж ахуйд ажиллаж буй нийт ажилчны цалинг нэмснийг та бүхэн мэднэ. Мөн парк шинэчлэлийн ажлын хүрээнд өнгөрсөн онд 114 техник, хэрэгсэл нийлүүлсэн. Тэгвэл өнөө жил 241 техник, хэрэгсэл худалдан авахаар төлөвлөсний 157г нь оруулж ирээд байна” гэсэн юм.
Баянгол дүүргийн ЗДТГ-ын тохижилтын хэлтсийнхэн энэ талаар “Нийслэлээс дүүрэгт хот, нийтийн ажлын чиг үүрэг шилжиж ирснээс хойш томоохон ахиц дэвшил гарсан. Хүн хүч, техник, хэрэгслийн бэлэн байдал хоёр дахин нэмэгдлээ. Дүүргийн хэмжээнд 500 гаруй ажилтан, албан хаагч болон хувийн хэвшил, орон нутгийн өмчит 23 байгууллага цэвэрлэгээ үйлчилгээ, ногоон байгууламжийн арчилгаа, орчны гэрэлтүүлэг, хог тээврийн ажлыг өдөр бүр хуваарийн дагуу гүйцэтгэж байна. Энэ онд нийслэлээс парк шинэчлэл хийж буйтай холбогдуулан зам, талбай, хайс хашлага угаадаг, мод, бут усалдаг, давс, бодис цацдаг олон үйлдэлт, зориулалтын, орчин үеийн 40 гаруй машинаар хангасан” хэмээв.
О.Ундрах