Улаанбаатар хотын хэмжээнд энэ өвөл түүхий нүүрсийг бүрмөсөн хориглож, сайжруулсан мидлинг, хагас коксон түлш хэрэглэх болсон талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин өчигдөр мэдээлэв. Ирэх даваа гаргаас эхлэн нийслэлийн хэмжээнд 400 цэгээр мидлинг борлуулж эхлэх гэнэ. Харин хагас коксыг аравдугаар сарын 1-нээс худалдаанд гаргах аж. Энэ өвөл 40-45 мянган тонн сайжруулсан түлш, 306 мянган тонн хагас кокс борлуулна гэж албаныхан тооцжээ. Одоогоор борлуулалтын 388 цэгт түлш арилжихаар гэрээ хийсэн байна.
Өнөө жил гудамж, зам, талбайн I эгнээнд түлш борлуулахгүй гэдгийг А.Амартүвшин тодотгов. Тэрбээр “Хотын хэмжээнд 172 мянган өрх сайржуулсан мидлинг, хагас кокс түлш хэрэглэх тооцоо бий. Явган хүнийн болон автомашины зам, нүүрний эгнээний эхний гудамжуудад хагас кокс заруулахгүй. Цэгүүдийг явган хүний замаас зайтай, II, III гудамжуудад байрлуулахаар болсон. Хагас кокс түлшийг бэлтгээд бараг дууссан гэсэн мэдээ ирүүллээ. Түүний найрлагад ордог бүх дээжийг БНСУ, ОХУ, БНХАУ зэрэг гадаадын лабораторид шинжлүүлсэн. Сайжруулсан түлштэй харьцуулахад хүхэрлэг хий 89.2, азотын исэл 72.6, угаарын хий 24.5 хувиар буурсан болохыг тогтоожээ. PM 2.5, PM 10-ын агууламж 68 хувиар буурсан байна. Мидлинг сайжруулсан түлшний 25 кг-ын савлагаатай нэг шуудай нь 3750, хагас коксыг 5000 төгрөгөөр борлуулахаар болсон” гэж ярилаа.
О.Бат