Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн ээлжит бус хуралдаан өнгөрсөн баасан гарагт болж, Бага тойруу хэсгийн хот байгуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах талаар хэлэлцэв. Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр Улаанбаатар хотын эдэлбэр газрыг 44 937 га талбайтай байхаар зурсан. Үүнээс 24 хувийг нь хэвээр хадгалж, шинэчлэх асуудлыг тусгасан. Ерөнхий төлөвлөгөөнд хотын түүхэн дурсгалт байгууламжийг хамгаалж, сэргээх талаар ч мөн оруулсан байдаг. Тухайлбал, Их, Бага тойрууг гэр хэлбэрийн модон дуганын уламжлалт төлөвлөлттэйгөөр хадгалах, түүхэн дурсгалуудад хамгаалалтын зэрэг тогтоох, нийт 177 архитектурын чуулгыг хамгаалалтад авахаар болсон. Үүнд Бага тойруугийн архитектурын чуулга 33.7, Сүхбаатарын талбайнх 20.4, Гандан орчмынх 68.5, Барилгачдын талбайнх 20.4, Тусгаар тогтнолын ордных 4.6 га-д байна” гэж ярилаа.
Энэ оны байдлаар улс, нийслэлийн хамгаалалтад 48 барилга авчээ. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд 130 дурсгалт барилгыг хамгаалалтад авах шаардлагатай гэж үзжээ. Уг ерөнхий төлөвлөгөөг УИХ-ын энэ намрын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэл хангаад байгаа аж. Бага тойруу хэсэгт ашиглалтын шаардлага хангахгүй, нийтийн зориулалттай, 2969 өрхийн 72 орон сууц бий гэнэ. Эдгээрээс хүчитгэх боломжтойг нь судалж, шаардлага хангахгүйг нь дахин төлөвлөх, ингэхдээ давхрын өндрийг нэмэлгүй, архитектурын анхны хэв шинжийг алдагдуулалгүй, фасадыг хэвээр нь үлдээхээр болжээ. Хотын хуучин өнгө төрхийг хадгалснаар хойч үедээ нийслэлийн соёл, түүхэн өвийг дамжуулах, өвөрмөц төрх, онцлогийг нь хадгалж, түүгээр бахархах сэтгэл, мэдрэмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтойг албаныхан хэлсэн. Ийнхүү Бага тойруу хэсгийн хот байгуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах тухай тогтоолын төслийг нийслэлийн ИТХ-аар хэлэлцэн баталсан юм.
О.Оргилох