Төсвийн тухай хуулийн дагуу нийслэлийн 2026 оны төсвийн төслийг иргэд, олон нийтэд танилцуулж, тэдний санал, хүсэлтийг тусган боловсруулах зорилгоор нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр хэлэлцүүлэгт оролцогчид иргэдийн өгсөн саналын дагуу ирэх оны төсвийг хотын дэд бүтэц, төлөвлөлт, орон сууцжуулах төслүүдэд түлхүү зарцуулах, тэр дундаа сургууль, цэцэрлэг барих, анхан болон дунд шатны төрийн байгууллагуудын үйлчилгээ, харилцаа хандлагыг сайжруулах, хүнд суртал, татварын ачааллыг бууруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудад анхаарал хандуулах хэрэгтэйг онцолсон байна.
УИХ-ын энэ сарын 12-ны нэгдсэн хуралдаанаар нийслэлийн ирэх оны төсвийн суурь орлогыг 3.4, зарлагыг 2.6 их наяд төгрөг байхаар тооцон, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас хотод 42.6 тэрбум төгрөг хуваарилахаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг баталсан билээ. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд хуваарилах 42.6 тэрбум төгрөгийг есөн дүүрэгт тэгш хүртээж, иргэдэд зайлшгүй хэрэгцээтэй төсөл, арга хэмжээнд зарцуулах гэнэ.
Тэгвэл нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин 2026 онд нийслэлийн төсөвт 4.3 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх урьдчилсан тооцоолол гаргасныг хэлэлцүүлгийн үеэр мэдээлэв. Түүгээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлж, хотын эдийн засгийг тэлэх, гэр хорооллыг орон сууцжуулах замаар агаар, орчны бохирдлыг бууруулах, хотын холбоос замуудыг нэмэгдүүлэн, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийх зэргээр нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ гэв. Мөн тэрбээр “Төсвийн төслийг боловсруулах, хэрэгжүүлэх явцад олон нийтийн саналыг бодитоор тусгаад явна. Иймд иргэд төсвийн төсөлд тусгуулах саналаа ulaanbaatar.mn сайтаар нээлттэй илэрхийлж боломжтой” гэсэн юм.
О.Ундрах