Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр 08.00 цагаас эхлэн салбарын хэмжээнд албан ёсоор ажил хаяна гэдгээ мэдээллээ. Үүнд ДЦС3, ДЦС-4, УБЦТС, Эрдэнэт Булганы ЦТС зэрэг салбарын голлох байгууллагууд нэгджээ.
Тэд цалинг 30 хувиар нэмэхээс гадна салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, цалин тооцох итгэлцүүр, орон нутгийн нэмэгдэл зэргийг өөрчлөх 12 асуудлаар шаардлага тавьж буй гэнэ. ДЦС-3 ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга Ш.Энхсаран “Манай станцын хувьд нийт ажлын байрны 870 гаруй нь хөдөлмөрийн хэвийн бус буюу хүнд хортой, халуун нөхцөлд хамаардаг. Бидний цалин ажиллаж буй орчин, нөхцөлдөө таарсан гэж үзэхгүй байгаа учраас ажил хаяхыг дэмжинэ” хэмээв.
Тэгвэл энэ талаар Эрчим хүчний сайд Б.Найдалаа үдээс хойш нь мэдээлэл хийв. Тэрбээр “Манай салбар бол төрийн алба биш, 27 төрийн өмчит компани болон хувийн хэвшил ажилладаг, тэдний цалинг сайд шууд мэдэж тогтоодоггүй юм. Тэдгээр компанийн ажлын үр ашгаас хамаарч, ажилтнуудын цалинг нэмэх, үгүйг шийддэг. Тиймээс бид засаглалыг нь сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Гэхдээ боломжоо ашиглаад 10 хувиар цалингийн санг нэмэх саналаа хэлсэн. Энэ нэмэгдэл нь харьцангуй өндөр цалинтай захирал, захиргааны ажилтнууд, арын албаныханд хамаарахгүй. Харин яг ажлын гол талбарт ажиллаж буй инженер, техникийн ажилтнуудынхыг нэмэх юм. Манай салбарынхны дундаж цалин 3.7 сая байгаа нь улсын хэмжээнд хоёрдугаарт орж байгаа. Ажил хаях хэмжээний бага бас биш юм. Харин жигд биш байгаа нь үнэн тул цалингийн тогтолцоог шинэчлэх шаардлагатай. Хүнээ бодох тухайд бид тодорхой бодлого хэрэгжүүлээд ажиллаж байна” гэлээ.
Б.Ариунжаргал