Үндсэн хуулийн цэцийн болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Х.Тэмүүжин, Л.Мөнхбаатар тэргүүтэй 55 гишүүн санаачилснаа өчигдөр өргөн барив. Энэ талаараа тэд мэдээлэл хийсэн юм. Х.Тэмүүжин гишүүн “2003 онд манай улс хүний эрхийг хангах үндэсний бичиг баримтыг анх баталж, үүндээ Үндсэн хуулийн цэц хэмээх байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар тусгасан. Дээрх хоёр хуульд өөрчлөлт оруулж, шинэчлэн найруулах талаар 2012 оноос хойш дөрөв дэх парламентаар ярьж байна. Өмнөх УИХ-аас ажлын хэсэг байгуулаад явж байсан ч сонгууль дөхсөн тул хэлэлцэж амжаагүй юм. Тиймээс дахин өргөн барилаа. Үүнд хүний үндсэн эрх чөлөө бодит амьдралд хэрэгждэг байх тухай гол зохицуулалт тусгасан. Тухайн иргэн хууль, шүүхийн байгууллагаар яваад үндсэн эрхээ хангуулж чадаагүй гэж үзвэл Цэцэд гомдлоо гаргах эрхтэй болно. Ингэснээр иргэний үндсэн эрх, эрх чөлөөний баталгаа бий болж, Үндсэн хуулийн шүүх гэдэг сонгодог механизм бүрдэх юм” гэлээ.
Л.Мөнхбаатар гишүүн “1997 онд баталсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль үүргээ гүйцэтгэсэн. Үүнд нийт зургаан удаа өөрчлөлт оруулсан ч цаг үе, нийгмийн шаардлагаас хамаарсан зохицуулалт хийж, шинэчлэн найруулах хэрэгтэй болсон” гэлээ. Өмнөх парламентуудын үед уг төсөлтэй холбоотой хэлэлцүүлэг хийж, олон улсын байгууллагаас ч санал сонссон юм байна.
С.Уул