Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж буй.
Намд зүтгэж, намтраа зузаалсан Д.Рэгдэл
2024 оны УИХ-ын сонгуулиар МАН-ын жагсаалтын тавдугаарт эрэмбэлэгдэж, хууль тогтоох дээд байгууллагад анх удаа ажиллаж буй ч Дүгэрийн Рэгдэл улс төрд шинэ хүн биш. 2007-2010 онд тус намын Удирдах зөвлөлийн гишүүн байсан тэрбээр бодлого, стратегийг нь тодорхойлох, хэрэгжилтийг зохион байгуулах ажилд хүчин зүтгэж ирсэн боловч намтартаа энэ талаар цухас ч дурдаагүй. Өөрөөр хэлбэл, Д.Рэгдэл УИХ-ын гишүүнболж, улс төрийн өндөр албан тушаалд заларсан нь саяхан мэт ч аль эртнээс МАН-ын хаяа бараадаж, хөшигний ард “хар бор ажил”-ыг нь хийсээр өдий хүрсэн нэгэн юм. Үүнийхээ хариуд “жагсаалт” хэмээх хүсэмжитбэлэг авсан байхыг ч үгүйсгэхгүй. Түүнийг УИХ-ын дарга асан, сүүлд хэд хэдэн гэмт хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдаад буй Д.Амарбаясгалангийн нутгийн “хуурай” ах, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамаатан гэлцдэг юм билээ.
Д.Рэгдэлийг хөрөнгө, орлогоороо хамгийн чинээлэг гишүүдтэй эн зэрэгцдэг хэмээн хэвлэлүүдэд бичсэн ч Авлигатай тэмцэх газрын цахим мэдээллийн сүлжээнээс энэ талаар шүүвэл тэднээс илүүрхэх зүйл алга. Харин 2021 онд өөрийн орлого нь 88 сая төгрөг байсан бол хоёрхон жилийн дараа 131 саяд хүрчээ. Өдгөө нийт 310 саяар үнэлэгдэх авто зогсоол, нийтийн орон сууц, 97 сая төгрөгийн үнэ бүхий “Toyota highlander” маркийн автомашинтай. Номын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мянган булаг экспедишн” ХХК-д тэрбээр 2024 оноос хойш хувь эзэмшихээ больсон ч оронд нь ШУА-ийн ахлах нягтлан бодогч, санхүү, аж ахуйн тасгийн дарга Дансрангийн Батцэцэг гүйцэтгэх захирлаар томилогдсоныг Нээлттэй мэдээллийн сангаас харж болно. Гэвч тус компани найман сарын өмнө татан буугдсан байна. Өнөө 75 настай тэрбээр мэдлэг, боловсролын хувьд “анги”-даа толгой цохино. Говь-Алтай аймгийн 10 жилийн дунд сургуулийг 1970 онд дүүргэж, тухайн үеийн ЗХУ-ын Харьковын улсын их сургуулийг биохимич мэргэжлээр төгсөөд 1985 онд Берлин хотын А.Гумболдтын их сургуульд байгалийн ухааны докторын зэрэг хамгаалсан байна.
Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Д.Рэгдэл ШУА-тай салшгүй холбоотой. Түүний намтраас эл байгууллагыг салгах ямар ч боломжгүй. 2001 оны долоодугаар сард академийн ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг зохион байгуулахад нэрт физикч, академич Б.Чадрааг улируулан сонгож, дэд ерөнхийлөгчөөр Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Б.Энхтүвшин, академич Т.Галбаатар, эрдэмтэн нарийн бичгийн даргаар Д.Рэгдэл нарыг сонгосон юм. Улмаар 2009 оноос тэргүүн дэд, 2016- 2024 он хүртэл ШУА-ийн ерөнхийлөгчөөр ажиллажээ. Эл үүргийг гүйцэтгэж байхдаа хэвлэлд нээлттэй хандаж, “Шинжлэх ухааны салбарын санхүүжилтийг нэмэгдүүлж, улс төрийн нөлөө, авлигаас ангид болгоно. Санхүүжилтийн олон эх үүсвэртэй болъё. Эрх зүйн, санхүүгийн саад бэрхшээлүүдээс судлаачдыг чөлөөлөх ёстой” гэх санааг ярилцлага бүрдээ онцолдог байв. Гэвч түүний ерөнхийлөгчөөр ажилласан хугацаанд Монголын шинжлэх ухааны салбарт ямар өв үлдэж, хэрзэрэгахиц гарсан бэ, манай улсын шинжлэх ухааны салбарын санхүүжилт дотоодын нийт бүтээгдэхүүний ядаж нэг хувьдхүрсэнүүгэдэг асуултад нааштай хариулт олдсонгүй.
Мөн тус байгууллагын зарим албан тушаалтан түүнд тун шүүмжлэлтэй ханддаг, ерөнхийлөгчид хүлээн зөвшөөрдөггүй байсан гэх юм билээ. УИХ-ын гишүүн болсноосоо хойш Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Нийгмийн ажлын тухай зэрэг хуулийн төслийг боловсруулахад оролцсоноос өөр онцлох ажил түүнд цөөн. Харин аливаа асуудалд шинжлэх ухаанчаар хандахыг эрмэлзэж, аль нэг талыг “улайран” хамгаалалгүй, чиг шугамтай хандаж, хуулийн төсөлд саналаа идэвхтэй илэрхийлдэг нь түүний авууштай тал гэж тодорхойлж болох ч “УИХ-ын гишүүн 16 ам метр өрөөнд туслахтайгаа хамт сууж байна. Алиных нь өрөө гэдэг нь мэдэгдэхгүй шахуу. Тэр жижиг өрөөнд ядаж ганцаараа сууж ажиллах боломжоор хангах хэрэгтэй” хэмээн үндсэн чиг үүргээсээ “далий” зүйл яриад сууж болохгүй баймаар. Гоё сайхан үг хэлж, санал гаргаж болно. Гол нь үүнийгээ үйлдлээрээ үлгэрлэж, хууль тогтоох, түмний эрх ашгийг төлөөлөх ажлаа идэвхийлэхгүй бол эрдмийн зэргийнхээ энд хүрэхгүй болж дуусах нь, гишүүн ээ.