
Орхоны хөндийд Шинэ Хархорум хот байгуулахтай холбоотойгоор төр, хувийн хэвшлийн усны байгууллагууд хамтран Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дахь Хэлтгий цагаан нуурыг сэргээх ажлыг эхлүүлсэн билээ. Энэ зун тухайн бүс нутагт бороо хур элбэг орсноос нуурын мандалд тооцооллоос давсан их ус хуримтлагдаад буйг усны инженерүүд мэдээлж байна.
Хэлтгий цагааныг сэргээх техникийн ажлын ТЭЗҮ, зураг төслийг гаргасан мэргэжилтнүүд нуурын мандлын талбай бүхэлдээ бүрхэгдсэн тохиолдолд 96 га газарт усан толио үүснэ, өнөө жил ихдээ үүний 30-50 хувийг хуримтлуулна гэж тооцжээ. Тэгвэл энэ сарын 20-ны байдлаар нуурын мандлын нийт талбайн 60 хувь нь усаар дүүрчээ.
Өнгөрсөн сарын дунд үеэр нуурын мандлын долоон, сүүлчээр 21 га талбайд ус хуримтлагдаад байсан юм. Үүнээс 20 гаруй хоногийн дараа сансраас авсан зурган мэдээллийн үнэлгээгээр усан толио үүссэн талбайн хэмжээ ийнхүү 30 гаруй га-гаар нэмэгджээ.
Н.ДҮҮЛЭН