Магистр, доктор, профессор зэрэг дээд боловсролын салбар дахь эрдмийн зэрэг, цол хамгаалах, олгох үйл явцад гардаг будилаантай холбоотой элдэв жигтэй яриа, чих дэлдийлгэм зүйл бишгүй сонсогддог. Тэгвэл үүнийг барим тавим нотолгоо, бодитой жишээгээр “гаргаж ирсэн” ул суурьтай судалгааг боловсрол судлаач Г.Орхон докторын хөтөлбөрт тулгуурлан хийсэн нь өдгөө олон нийтийн анхааралд өртөөд байна. Тэрбээр дээд боловсролын хамгийн өндөр эрдмийн зэрэг болох доктор хамгаалах шалгалтын явцад гардаг нийтлэг зөрчлүүдийг бодитоор судлахын тулд багш, зөвлөлийн гишүүн, докторант, бодлого боловсруулагч нийлсэн 37 хүнтэй ярилцлага хийж, үүний цаана ямар “но” байгааг танджээ. Ингэхэд манай улсын шинжлэх ухаан, боловсролын салбар, төрийн алба “хуурамч” буюу чанаргүй докторуудаар дүүрсэн, эрдмийн зэрэг хамгаалах, олгох шалгалт нь зөвлөлийн гэх цөөн хүний эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа тунхаглах дур зоргын “талбар” болж хувирсан нь илэрсэн аж.
Докторын зэрэг хамгаалах шалгалтыг будилаантуулдаг хэд хэдэн гол хүчин зүйл буйг судлаач тодорхойлжээ. Үүнд, эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүд ил тод бус шийдвэр гаргадаг тогтолцоо, дабль стандарт буюу хувийн ашиг сонирхол, танил тал, өнгө мөнгөнд дулдуйддаг байдал, судалгааны өгүүллийн чанар болон оюуны өмчийн зөрчлийг магадлан шалгах хяналт сул, эрдэм шинжилгээний ажлыг сэдэв, агуулгын цар хүрээ, арга зүйн хувьд бодитой үнэлэх нэгдсэн системгүй, бүтээлийг бүрэн гүйцэд уншиж танилцдаггүй, докторын үнэмлэх олгох “тамга атгагчид”-ын томилгоон дахь улс төрийн нөлөө зэргийг багтаасан байна. Эдгээрээс үүдэлтэй гажуудлыг засаж залруулахын тулд өнгөцхөн өөрчлөлт бус, илүү өргөн хүрээний, гүн гүнзгий шинэчлэл хийх шаардлагатайг онцолжээ. Тухайлбал, шинжлэх ухааны салбарыг эрчимтэй хөгжүүлэх, санхүүжилтийг нь нэмэгдүүлэх, шалгуур, шаардлагаа чангатгахын оронд суралцагчдыг чадавхжуулж, дэмжихэд анхаарах, ил тод байдлыг нэмэгдүүлэх, докторын хөтөлбөр хэрэгжүүлдэг сургуулиудын босгыг өндөрсгөх, эрдмийн зэрэг хамгаалуулахаас өмнө судалгааны ажлын явцыг бодитой үнэлж, хянах, нэг удирдагч багшаас хамааралтай байдлыг халах шаардлагатайг дурдав.
Судлаач Г.Орхоны эл судалгаанаас үүдээд боловсрол, шинжлэх ухааны салбарынхан мөн энэ чиглэлээрх үнэлэлт дүгнэлтээ ил тод хэлж, “хуурамч” докторуудыг хэрхэн цөөлөх талаар байр сууриа илэрхийлж эхэллээ. Докторын зэрэг хамгаалах шалгалтын явцад гардаг “но”-г тэрбээр олон талаас нь ул суурьтай гаргаж ирсэн бол үүнтэй танилцсан судлаачид Монголд ийм эрдмийн зэрэгтэй хүн яагаад борооны дараах мөөг шиг олширсон гол шалтгаануудын нэгийг онцгойлон хөндсөөр байна. Энэ нь докторын зэрэгтэй төрийн албан хаагчид цалингийн нэмэгдэл олгодог бурангуй тогтолцоо.
Боловсролын яам болон Шинжлэх ухааны академийн нэгдсэн бүртгэлээс үзвэл манай улсад өдгөө докторын зэрэгтэй 7000 орчим хүн байна. Жилд дунджаар 300-400 хүн дээд боловсролын салбарт эрдмийн зэрэг хамгаалдаг аж. Дэлхий дахинд нийтлэг үзүүлэлтээр докторын зэрэг хамгаалсан боловсон хүчний эзлэх хувь улс орнуудын хүн амын дунд ердөө 0.1 байдаг бол Монголд 0.2 хувь буй нь бүс нутагтаа төдийгүй бөмбөрцгийн хэмжээнд өндөр үзүүлэлт гэнэ. Гэвч судалгааны байгууллагуудаас гаргадаг дэлхийн инновацын индекс, эрдэм шинжилгээний бүтээлийн чанар чансаа, нийгмийн нөлөөллийн үзүүлэлтээр манай улс сүүл мушгидаг нь эрдмийн зэрэг олгох босго, шалгуур шалдаа буусныг илтгэсээр. Гэтэл үүний нөгөө талд докторын зэрэг хамгаалах хүний тоо, ялангуяа төрийн албанд ажиллагсдын дунд ийм “гуншинтай” боловсон хүчин тогтмол нэмэгдсээр иржээ . Манай улс дахь докторуудын 60-70 орчим нь төрийн үйлчилгээний болон захиргааны албанд ажилладаг. Төрийн албан хаагчдын 1.8 орчим хувь нь эрдмийн зэрэгтэй. Энэ үзүүлэлт цаашид ч өсөн нэмэгдэх хандлагатай байгаагийн цаад шалтгаан нь төрөөс олгодог “хувь хишиг” гэх.
Манай улс тэртээ 1995 оноос төрийн албан хаагчид докторын зэрэг, профессор цолны нэмэгдэл олгож эхэлжээ. Харин одоогийн мөрдөж буй хувь хэмжээ, зохицуулалт бүхий журмыг 2019 оноос хойш хэрэгжүүлжээ. Үүнд зааснаар их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, эрдэм шинжилгээний байгууллагад болон үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг эрдмийн зэрэг, цолтой төрийн албан хаагчид албан тушаалаас нь хамаараад сарын үндсэн цалингийнх нь 5-20, эдгээрээс бусад төрийн байгууллагад харьяалагддаг шинжлэх ухааны докторын зэрэгтэйд 15, боловсролын докторын зэрэгтэйд 10 хувиар тооцон нэмэгдэл олгох зохицуулалттай юм байна. Үндсэндээ сарын 2.5 сая төгрөгийн дундаж цалинтай төрийн албан хаагч докторын зэрэгтэй бол ажиллаж буй салбар, чиглэлээсээ хамаараад 500 мянгаас нэг сая хүртэлх төгрөгийн нэмэгдэл авдаг гэсэн үг.
Засгийн газраас баталсан журмын дагуу энэхүү нэмэгдэл хөлсийг хоёр үндсэн зорилгоор олгож иржээ. Эхнийх нь төрийн албыг өндөр мэдлэг, ур чадвартай хүний нөөцөөр бэхжүүлэх. Ингэснээр төрийн байгууллагуудад мэргэжлийн, шилдэг боловсон хүчнийг татаж, тогтвор суурьшилтай ажиллуулах боломжтой гэж үзжээ. Удаах нь төрийн албан хаагчдыг эрдэм боловсролоо тасралтгүй дээшлүүлэх боломж нөхцөлөөр хангах. Үүний үр дүнд төрийн албанд ажиллагсдын мэдлэг, чадварын түвшин нийтээрээ сайжирч, тэр хэрээр бүтээмж дээшилнэ хэмээн тооцжээ. Өөрөөр хэлбэл, энэ нь үе үеийн Засгийн газрын “мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай” төрийн албыг төлөвшүүлэх, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилгыг хэрэгжүүлэх хөшүүрэг бүхий урамшууллын тогтолцооны нэг хэсэг болсоор иржээ. Харамсалтай нь, бодит байдалд төрийн албан хаагчид үүнийг мэргэжлийн үүднээс өсөн дэвших боломж, дэмжлэг бус, худал хуурмагаар олж авах сул мөнгө хэмээн харж, докторын үнэмлэх гардахын тулд диссертаци нэртэй нүглийн нүдийг гурилаар хуурсан зүйл хийх болжээ. Үүнийг их сургуулийн багш, судлаачид шүүмжилж байна. Зарим нь тэдний эрдмийн ажлыг “Галзуу хүний өдрийн тэмдэглэл”, “Эх сурвалжгүй эвлүүлэг” хэмээж буй.
ШУТИС-ийн нэгэн багш “Төрийн албаныханд доктор хамгаалсны нэмэгдэл гэж 15-20 хувийн урамшуулал олгодгоо зогсоох хэрэгтэй. Харин үүний оронд ур чадвар, ажилласан жил зэргээр нь шатлал тогтоодог одоогийн урамшууллын схемийг илүү боловсронгуй болгож, нэмэгдэл олгох нь зүйтэй. Дээд боловсролын салбарын хамгийн үнэ хүндтэй, хатуу шалгуураар олгох ёстой эрдмийн УРИЛГАзэргийг цалин урамшуулал, ахуй амьжиргааны “хямд” хэмжүүр болгосонд харамсаж байна. Энэ нь манай нийгэмд докторын үнэмлэх авахын тулд юу ч хийхэд бэлэн увайгүй бүлэг, хэн нэгнийг эрдмийн зэрэгтэй болгохын тулд юун дээр ч тамга дарахад бэлэн ёс зүйгүй хүмүүсийг бий болголоо. Үүнийг цэгцлэхгүй бол шинжлэх ухааны салбарын үнэлэмж, бүтээмж, нэр хүнд улам л муудна. Олон оюутны судалгаа, диссертаци уншиж, арга зүйн түвшинд зөвлөмж өгсөн. Төрийн албан хаагчдын эрдмийн ажил гэж нүд хуурах төдий бүтэц, агуулгатай, энд тэндхийн судалгааны эрээвэр хураавар цуглуулга шиг зүйл л байдаг. Жинхэнэ докторуудын диссертаци олон сар, өдрийн уйгагүй хөдөлмөрөөр бүтдэг бол “аргалагч”, “зальдагчид”- ынх хуулбар, эвлүүлгээс бүрддэг” хэмээсэн юм.
Харин дэлхийд эрэмбээрээ тэргүүлэгч, нэр хүндтэй их сургуульд доктороор сурдаг өөр нэгэн судлаач “Хөгжингүй орнуудад, ялангуяа англи хэлээр бичсэн эрдэм шинжилгээний ажилд бол хоёрхон холбоо үг, өгүүлбэр хуулбарлахад л хаанаас авсныг нь шууд илрүүлдэг. Монголд техникийн нөхцөлөөс хамаараад ийм хулгайг илрүүлж чадахгүй, өөгшүүлж, хуурамч зэрэг, диплом олгосоор байна. Энэ тохиолдолд судалгааны ажлын чанар, докторуудын мэдлэг, чадварын талаар ярихад хэцүү. Америкийн зарим сургуульд доктор хамгаалсан хүмүүст ажил олддоггүй. Тэнд эрдмийн зэргийг хэрхэн хамгаалдаг, ямар хүмүүс төгсгөдгийг нь мэддэг учраас тэр. Нийгэм шударга бус зүйлд ингэж дүн тавьдаг байх нь. Гэтэл манайд докторын зэрэг хамгаалах хурал ихээхэн будилаантай болдог гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг атлаа үүнийгээ засаж залруулдаггүй, ийм зэрэгтэй хүмүүсийг тахин шүтэх хандлагатай. Судлагдсан байдлын тоймдоо тавхан эшлэл авчихсан хүнийг л докторын босго давуулчихсан байна шүү дээ. Их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны нэгжүүдэд хамгийн шилдэг гэсэн, хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээ ажиллуулах нь зөв. Гэхдээ төрийн албанд доктор, профессор ажиллуулна гэж туйлширч болохгүй. Докторын зэрэг бол тухайн салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулахуйц мэдлэг, чадвартай хүмүүсийг хүлээн зөвшөөрөх хэмжүүр болохоос цалин, хөлс тогтооход ашигладаг үзүүлэлт биш” гэж өгүүлсэн.
Монгол Улсад одоогоор шинжлэх ухааны салбар тус бүрд харьяалагдах, докторын зэрэг хамгаалуулах 39 зөвлөл бий гэнэ. Доктороор сурч буй хүн болгон энэ зөвлөлийн хурал, шалгалтад орж байж эрдмийн зэрэг хамгаалдаг аж. Төрийн албан хаагчид докторын зэрэгтэй болохын тулд энэ зөвлөлийн гишүүдийг ихээхэн “тойглож”, авлигаддаг нь шинжлэх ухааны салбарт ил болоод удаж буй асуудал гэдгийг судлаачид хэллээ. Зарим нь “Ийм шившгийн бизнес дэлгэрээд багагүй хугацаа өнгөрсөн” хэмээн шүүмжлэв. Гэтэл энэ “шившгийн бизнес”-ийг таслан зогсоох, хянах ёстой Боловсролын яам, Төрийн албаны зөвлөл зэрэг байгууллагынхан нүдэн балай, чихэн дүлий хандсаар өдий хүрчээ.
Ийнхүү төр өөрөө авлигын сүлжээнээс төрсөн “хуурамч” докторуудыг албан тушаал дэвшүүлж, татвар төлөгчдийн мөнгөнөөс сар бүр зэргийн нэмэгдэл олгож буй нь төрийн албаны нэр хүнд, шударга зарчмыг уландаа гишгэж буйгаас ялгаагүй. Эрдмийн зэрэг хэмээх эрхэм нэрийг зөвхөн карьер ахих, нэмэгдэл цалин авах хэрэгсэл болгосон уг гажуудлыг нэн даруй засахгүй аваас чадваргүй хүмүүс төрийн албаар “тоглож”, улс орны хөгжлийг хойш татсаар байх болно.
Н.Мишээл